amazon-company
"Amazon" компанийн эзэгтэй, хөрөнгийнхөө талыг сайн үйлсэд хандивлана

Дэлхийн тэргүүн баячуудад зүй ёсоор орох “Amazon” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос эхнэрээсээ салснаар, түүний гэргий Макензи Безос нь манай гарагийн хамгийн баян 3 дахь эмэгтэй болж байгаа билээ.

Тэгвэл түүний салсан эхнэр Макензи Безос олны хайр хүндлэлийг хүлээх алхмыг хийсэн байна. Энэ нь өөрийнхөө хөрөнгө болох 35 тэрбум ам.доллароос хамгийн багадаа тал хувийг нь “Giving Pledge” нэртэй сайн үйлсийн хандивын хөдөлгөөнд зориулахаа мэдэгдээд байна. Түүний энэхүү үйлдэл нь олон нийтийг гайхашруулсан нь мэдээж.

Дэлхийн тэргүүн баячууд болох Билл Гейтс, Воррен Баффет нарын санаачилсан уг хөдөлгөөнд Facebook-ын Марк Зюкерберг, Virgin Group-ын Ричард Браньсон, Роберт Смит нарын донорууд нэгдсэн байдаг бөгөөд тэд нар дээр нэмэгдэж, Макензи Безос амлалт өгч байна.

Эргэн сануулахад 2010 оны 8 дугаар сард АНУ-ын хамгийн баян 40 эрхэм Giving Pledge санаачлагад анхлан нэгдэж, өөрсдийн хөрөнгийн талаас илүү хувийг сайн үйлсэд хандивлахаа мэдэгдсэн байдаг. Уг үйлсэд шинэхэн нэгдээд буй Макензи Безос нь нөхрийнхөө үүсгэн байгуулсан Amazon-ы хувьцаанаас 4 хувийг өөртөө шилжүүлж авч байгаа юм. 4 хувь гэдэг нь ойролцоогоор 35 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

Дашрамд хэлэхэд Макензи Безос нь амжилттай зохиолч төдийгүй, нөхрийнхөө бизнесийн санааг дэмжих, урамшуулан зоригжуулах, сэдэлжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн гэдэг. 35 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Макензи Безосын урд бичигдэж буй манай гарагийн хамгийн баян 2 эмэгтэй бол L’Oreal-ын өв залгамжлагч Франсуа Беттенкорт Мейерс (53.6 тэрбум доллар), Walmart-ын Ались Воултон (47.1 тэрбум ам.доллар) нар ажээ.

эх сурвалж: Damdin Jagaa

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here