Зузана Цапутова
45 настай өрх толгойлсон Ээж, Словак улсын ерөнхийлөгч боллоо

Авилгын эсрэг хүчтэй дуугардаг, тэмцдэг гэдгээрээ танигдсан хатагтай Зузана ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар, Словак улс түүхэндээ анх удаа эмэгтэй төрийн тэргүүнтэй боллоо.

Зузана Цапутовад улс төрийн туршлага гээд байх зүйл бараг үгүй бөгөөд тэрбээр эрх баригч намын нэр дэвшүүлсэн нэр хүндтэй дипломатч Марос Сефцовицийг (Европын комиссын дэд ерөнхийлөгч) ялж, түүх бүтээгээд байна. Түүнийг сонгуульд ялалт байгуулахад гол нөлөөлсөн зүйл нь авилгын эсрэг тэмцэж, шударга бус зүйлүүдийн эсрэг дорвитой хөдлөх талаар хэлж таниулж байсантай холбоотой.

Хуульч мэргэжилтэй Цапутова нь хэд хэдэн томоохон хэрэг дээр ажиллаж байхдаа олон нийтэд чадварлаг хуульч гэдгээрээ танигдсан юм. Тухайлбал өөрийнхөө төрөлх нутагт химийн хорт бодис асгаж байрлуулсан хэргийг илрүүлж, нутгийн иргэдийн талд ашигтай шийдүүлэхээр 10 гаруй жил тэмцсэний эцэст ялж чадсанаар нэр хүндээ ихээхэн өсгөсөн.

Словак улсын эрх баригч намын хүч суларч, ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээх болсонд өнгөрсөн 2018 онд болсон сэтгүүлчийн амь насанд санаатайгаар хөнөөсөн явдал ихэд нөлөөлсөн. Сэтгүүлч Ян Куцияк нь улс төрчид болон зохион байгуулалттай гэмт хэргийн хоорондох холбоосыг илрүүлэхээр идэвхтэй ажиллаж байсан боловч, 2018 оны 2 дугаар сард гэртээ сүйт бүсгүйтэйгээ хамт буудуулж амиа алдсан юм. Энэ хэргийг илрүүлэх хүсэл эрмэлзэл нь хатагтай Цапутоваг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зориг шулуудахад нь түлхэц болсон гэдэг.

Сонгуулийн дүнгийн хувьд Цапутова нийт сонгогчдын 58 хувь, эрх баригч намын нэр дэвшигч Сефцовиц 42 хувийн санал авчээ. Энэ жил 45 настай Цапутова нь 2 хүүхдийн ээж, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд түүний харьяалагддаг Прогрессив Словак нам нь парламентад суудалгүй ажээ.

Дашрамд хэлэхэд Словак улсын ерөнхийлөгчийн албан тушаал нь эрх мэдлийн хувьд харьцангуй хязгаарлагдмал, “бэлгэдлийн” чанартай ч гэж яригддаг.

эх сурвалж: Jagaa Damdin

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here