Chocolate ШВЕЙЦАРЬ
Амтат шоколадны орон-ШВЕЙЦАРЬ

“Швейцарь цаг шиг баттай” гэж бид ярьдаг.Үнэхээр ч энэ орон үйлдвэрлэдэг цагаараа бас банкны найдвартай үйл ажиллагаагаар,уулын цанын бааз,амралтын цогцолборуудаараа алдартай. Дээр нь мэдээж амттаны дээд шоколадыг швейцарьчууд л хийж чаддаг.

Өөр энэ улсын тухай бид юу мэдэх билээ. Баруун Европт орших энэ улс 7.5 сая хүн амтай, 41,285 км² газар нутагтай, далайд гарцгүй орон. Швейцарь нь 26 улсаас бүрдсэн холбооны бүгд найрамдах улс бөгөөд эдгээр улсуудыг өөрөөр бас кантон гэж нэрлэдэг.

Дэлхийн эдийн засгийн томоохон төвүүд, олон улсын байгууллагууд байрладаг Женев,Цюрих хотуудыг бид мэдэх боловч энэ улсын албан ёсны нийслэл нь Берн хэмээх багахан хот байдаг. Швейцарь улс нь Герман ,Франц, Итали, Австри ба Лихтенштейн улсуудтай хиллэдэг, эдгээр улсын нөлөөгөөр иргэд нь ч олон хэлээр харилцдаг.

Хэдийгээр герман, франц, итали, руманш гэсэн дөрвөн хэлийг үндэсний хэл гэж үздэг ч хэрэглээний түвшинд англи хэл нэлээд түгээмэл тархсан.Швейцарь улс төвийг сахих эртний уламжлалтай бөгөөд 1815 оноос хойш дайнд ороогүй. Ард иргэдийнх нь ахуй амьдралд ч энэ байдал тусгалаа олж аажуу тайван байдлаараа ертөнцөд зартай.

Швейцарийн Женев хотыг “Дэлхийн нийслэл” ч гэж нэрлэдэг
Швейцарийн Женев хотыг “Дэлхийн нийслэл” ч гэж нэрлэдэг

Швейцарь улсын байгуулагдсан огноог уламжлал ёсоор 1291 оны 8 сарын 1 гэж үздэг учир энэ өдрийг үндэсний баяр болгон тэмдэглэдэг. Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг, Дэлхийн Худалдааны Байгууллага, НҮБ-ийн Европ дахь хоёр төв оффис байрладаг Швейцарийн Женев хотыг “Дэлхийн нийслэл” ч гэж нэрлэдэг.

Швейцарийн Женев хотыг “Дэлхийн нийслэл” ч гэж нэрлэдэгХэдийгээр далайд гарцгүй ч Швейцарь улс олон тооны нуураараа алдаршиж,”Мянган нуурын эх орон” гэж нэрлэгддэг.Газар нутгийн 61 хувийг сүрлэг Альпийн нуруу,25 хувийг ой хөндий,тэгш өндөрлөг эзэлдэг.Уур амьсгалын хувьд төв Европын орнуудтай ойролцоо,өвөлдөө -10C, зундаа +18+20 C хэлбэлздэг.Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ зургаад ордог

Өвөлдөө Швейцарь уулын цана сонирхогчдын диваажин болж хувирна
Өвөлдөө Швейцарь уулын цана сонирхогчдын диваажин болж хувирна

Швейцарь дэлхийн хамгийн баян улсуудын нэг ч сонирхолтой нь энэ улсад эрдэс баялагийн нөөц гэх юм бараг байдаггүй ажээ.Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 15 хувийг аялал жуулчлалаас бүрдүүлдэг.Өвөлдөө Швейцарь уулын цана сонирхогчдын диваажин болж хувирна.Үзэсгэлэнт Альпийн цэвэр тунгалаг агаараар амьсгалж, өвлийн спортоор алжаалаа тайлах гэсэн Европын баячууд бараг тэр чигээрээ Швейцарьт өвөлждөг ч гэж хэлж болно.

Жуулчдын хувьд хамгийн алдартай нь “Тоблерон” шоколадны цаасан дээр зураг нь хэвлэгдсэн Интерлакен хот, Маттерхорн уул.Цаашлаад уулсын энэ оронд таны алжаал,ядаргааг тайлах амралт,сувиллын цогцолборууд олон бий.Тэр дундаа Женев нуурын байгалийн үзэсгэлэнг даган байрласан амралт,сувиллын газрууд ая тухаараа гайхагдсаар иржээ.Эртний Ромын үеэс алжаалж ядарсан цэрэг эрс биеэ сувилах гэж Баденд ирдэг байлаа.Чухам Ромын цэргүүд л аян дайны алжаалаа тайлах зорилгоор анхны спа ванныг энд байгуулж байжээ.

Швейцарьт зөвхөн амрахын тулд ирдэг юм биш,суралцахаар ч ирнэ.Олон орны оюутнууд энд сурдаг.Швейцарийн боловсрол чанартай ч бас хямд биш. Уулсын дунд сүндэрлэх Швейцарийн хот тосгод бүгд соёлын гайхамшигт өв уламжлалтай. Эдгээрээс юуны түрүүнд барилга архитектурын хосгүй шийдэлтэй. Швейцарийн хотуудад түүхэн дурсгалт ямар ч байшинг эрх баригчдын зөвшөөрөлгүй шинэчлэх,нураах боломжгүй байдаг. Тэр ч байтугай дээврээ солиход хүртэл захиргаанаас зөвшөөрөл авна.

барилга архитектурын хосгүй шийдэлтэй.
Барилга архитектурын хосгүй шийдэлтэй хот

Ийм л журам олон зуун жил мөрдөгдсөн болохоор Швейцарийн гудамжаар зугаалж яваа танд яг л цаг хугацааны машинаар өнгөрсөн үед очсон мэт санагдана.Хотын гудамжинд амны цангаагаа ч тайлж болохоор цэнгэг устай усан оргилуурууд олон бий. 600 жилийн настай зочид буудалд тухлаж,өнөөх Ж.Жойс,Кафка нарын нэгэнтээ тухладаг байсан тэр л кафед суунгаа хотыг бүтнээр нь тольдох боломжтой.Магадгүй уламжлалаа ийм сайн хадгалж чаддаг болохоор Швейцарийн гэсэн бүхнийг найдвартайд тооцдог байх.

Алдарт дуурийн театр,50 шахам музей гээд Цюрих хотод үзэж харах юм мундахгүй.Бас олон улсын бизнесийн төвүүд,худалдааны томоохон цогцолбор гээд нүд хужирлах газар олон бий. Гэхдээ найман сард Цюрихид зорчих хамгийн тохиромжтой.Учир нь яг л энэ үед жилдээ ганц болдог гудамжны парад зохион байгуулагдаж хот бүхэлдээ баяр хөөрт умбадаг юм.

Гудамжны парадын үеэр өндөр модон хөл дээр явж үзэн,бие биенийгээ ус,хурц өнгийн будгаар шүршдэг гээд олон сонирхолтой арга хэмжээ зохиогддог. Мэдээж Швейцарьт аялаж яваа болохоор амтат шоколад,бяслаг, нутгийн виног амтархан зооглох буй заа.Олон гудамжинд зах ажилладаг болохоор ойр дотныхондоо аяны ганзага болгон өгөх амттаныг хамгийн чанартай,бас хямдханаас нь сонгох боломжтой.

Дэлхийд хамгийн аз жаргалтай хүмүүсийг тодруулах санал асуулгаар швейцарьчууд 1-р байранд оржээ. Байгалийн тансаг орчин, амттан их иддэг, хог хаягдалгүй орчинд аж төрдөг болохоор хүмүүс нь тийм аз жаргалтай байж болох юм.

Дэлхийд хамгийн аз жаргалтай хүмүүсийг тодруулах санал асуулгаар швейцарьчууд 1-р байранд оржээ
Дэлхийд хамгийн аз жаргалтай хүмүүсийг тодруулах санал асуулгаар швейцарьчууд 1-р байранд оржээ

Тэдний энэ л аз жаргалд “атаархсан” Холливуудын цөөнгүй одод,дэлхийн чинээлэг хүмүүс Швейцарьт суурьшаад байна.Үзэсгэлэнт Одри Хэпберн л гэхэд кинонд тоглохоос бусад цагтаа Швейцарийн Толошеназ дахь гэртээ байнга тухлаж, түүнтэй Жан Ануй, Чарльз Линдберг нар хөрш амьдардаг байжээ.Харин одоо Швейцарьт Катрин Денев, Дэвид Боуи, Амели Моресмо, Йоко Оно, Орнела Мути зэрэг олны танил хүмүүс байнга амьдарч байна.

С.Лхагвасүрэн

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here