'Оскарын наадам'-ын түүхэнд болсон ОНЦЛОХ үйл явдлууд

Дэлхийн хамгийн том кино наадам болох Оскарын шагнал гардуулах ёслол ирэх даваа гарагт 91 дэх удаагаа зохион байгуулагдана. Энэ жилийн наадмын хамгийн том онцлог нь хөтлөгчгүй явагдана гэдгээрээ анхаарал татаж байна.

Ингээд хэдхэн хоногийн дараа кино академийн дээд шагнал гардуулах наадам болох гэж байгаатай холбогдуулан Оскарын наадмын үеэр олныг цочирдуулж байсан гэнэтийн дурсамжтай үйл явдлуудыг онцолж байна.

Эхлээд 2019 оны Оскарын наадмыг онцлоё. Кино академийн дээд шагнал гардуулах наадмын түүхэнд сүүлийн 30 жилд анх удаа үндсэн хөтлөгчгүй явагдахаараа онцлогтой. Мэдээж наадмын үеэр олон тооны одууд ээлж дараалан гарч ирж, шагналтнуудыг зарладаг уламжлал хэвээрээ үргэлжилнэ.

~’Оскарын наадам’-ын түүхэнд болсон ОНЦЛОХ үйл явдлууд~

Энэ жил хөтлөгчгүй болсны шалтгаан нь ихээхэн хүлээлт үүсгээд байсан нэрт инээдмийн жүжигчин, элэглэгч Кевин Харт аль 2011 онд бичиж байсан жиргээнээсээ болж, Оскарын наадмыг хөтлөх үүргээсээ албан ёсоор татгалзсантай холбоотой.

Тэгвэл 2017 оны Оскарын наадмын үеэр хөтлөгч Уоррен Бьюти, Фей Данавей нар оны шилдэг киноны нэрийг La La Land хэмээн андуурч зарлаж байв.

“La La Land” УСК-ны продюсер Жордан Хоровиц тайзан дээр кино багийнхантайгаа баяраа тэмдэглэж байх зуур, жинхэнэ ялагч нь “Moonlight” кино болж таарч, тайзан дээр инээх ч биш, уйлах ч биш тун сонин үзэгдэл өрнөсөн юмдаг.

Ямартай ч, продюсер Жордан Хоровиц тун ч дурамжханаар Moonlight-ыг зарлаж, Холливудын домог Уоррэн Бьютитэй ширүүн харьцсан нь маш эвгүй харагдаж байв. Хожим сонсохнээ, хөтлөгчдийн ч буруу биш, наадмын зохион байгуулалтын багийнхан ялагчийн дугтуйг санамсаргүйгээр сольж, алдаа гаргасан байсан.

2013 оны Оскарын наадмын үеэр Холливудын шилдэг жүжигчин Женнифер Лоуренс оны шилдэг эмэгтэй жүжигчин номинацид ялалт байгуулсныхаа дараа тайз руу гарахдаа бүдэрч унаж, анхаарал татсан.

Женнифер Лоуренс
Женнифер Лоуренс оны шилдэг эмэгтэй жүжигчин номинацид ялалт байгуулсныхаа дараа тайз руу гарахдаа бүдэрч унав

Женнифер тухайн жил Silver Linings Playbook кинонд бүтээсэн дүрээрээ тийнхүү шагнагдаж, Оскарын түүхэн дэх хамгийн залуу 2 дахь ялагч болж байв. Өдгөө Женнифер Холливудын амьд домог болсон Мерил Стрип, Хелен Миррен нарын залгамж халаа гэгддэг шилдэг жүжигчин болоод байна.

2003 оны Оскарын наадмын үеэр шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин шагналд ялалт байгуулсан Адриен Броди шагналаа гардахдаа Холливудын сайхан бүсгүй Халли Берриг үнссэн нь шуугиан дагуулсан.

oscar-01
Адриен Броди шагналаа гардахдаа Холливудын сайхан бүсгүй Халли Берриг үнсэв

Төгөлдөр хуурч киногоороо Оскар хүртсэн Броди сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй учраас тийм алхам хийсэн хэмээн хожим тайлбарласан. Үнсэлт гэснээс Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли нь 2000 оны Оскарын наадмын үеэр өөрийн төрсөн дүү Жеймстэй үнсэлцсэн явдал бий.

Angalina
Анжелина Жоли нь 2000 оны Оскарын наадмын үеэр өөрийн төрсөн дүү Жеймстэй үнсэлцэв

Тэрбээр энэ талаараа тайлбарлахдаа шилдэг туслах эмэгтэй дүрийн шагнал хүртээд хязгааргүй баярласан байсан, мөн дүүдээ хязгааргүй хайртай учраас гэж байжээ.

Инээдмийн киноны нэрт мастер Чарли Чаплинд танхим дүүрэн хүмүүс бүхэл бүтэн 12 минутын турш босч, алга ташин хүндэтгэл илэрхийлсэн түүх бий. 1972 оны Оскарын наадамд Чарли Чаплин АНУ-д эргэж ирснээсээ хойш анх удаа оролцсон нь тэр байжээ. Ямар ч том наадмын түүхэнд хэн нэгэнд 2,3 минутаас дээш хугацаанд бүгдээрээ босч зогсон хүндэтгэл илэрхийлсэн тохиолдол байдаггүй.

Орчуулагч Б.Жрагалсайхан

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here