Kim-Kardashian
Үзэсгэлэнт Ким Кардашиан дэлхийн тэрбумтнуудын эгнээнд орлоо

Ким Кардашиан дэлхийн тэрбумтнуудын тоонд зүй ёсоор нэгдэж байна. Алдарт “Forbes” сэтгүүлийн тооцоолсноор Кимийн хөрөнгө аравдугаар сард 780 сая ам.доллар байсан бол өдгөө нэг тэрбум болж өсчээ. Түүний хөрөнгө ийнхүү өсөхөд “KKW Beauty”, “Skim”s хэмээх хоёр бренд, реалити шоу, жижиг хөрөнгө оруулалтууд нь ихээр нөлөөлсөн ажээ.

Ким анх дүү Кайли Женнерийнх нь гоо сайхны бренд амжилт олсны дараахан буюу 2017 онд өөрийн гэсэн гоо сайхны “KKW Beauty” брендээ гаргасан билээ. Тэрбээр амжилттай маркетинг хийсний үр дүнд хамгийн анх худалдаанд гаргасан 300 мянган нүдний контур нь хоёрхон цагийн дотор зарагдаж дуусч байжээ.

Тиймдээ ч Ким амжилтаа цааш үргэлжлүүлэхээр шийдэн 2018 онд контураас гадна нүдний тень, өө дарагч, уруулын будаг, үнэртэн зэргийг үйлдвэрлэн, нэмж 100 сая ам.долларын хөрөнгө оруулсан юм.

Түүний дараа 2020 онд гоо сайхны бараа үйлдвэрлэгч “Coty” компани “KKW Beauty”-г тэрбум ам.доллараар үнэлсэнд Ким компанийнхаа 20 хувийг 200 сая ам.доллараар”Coty”-д заржээ.

Дээрх амжилтын дараа Ким 2019 онд өөр нэг бренд бүтээсэн нь галбиржуулагч хувцасны “Skims” юм. Тэрбээр шинэ брендээ Твиттер дэх 69.6 сая, Инстаграмын 213 сая дагагчдадаа идэвхтэй сурталчилсны үр дүнд “Skims” маш хурдан хөл дээрээ боссон гэдэг.

Цар тахлын хөл хорионоос болж хүмүүсийн сонирхол загварлаг байдлаас тав тухыг илүү үзэх болсныг “Skims” мэдрэмжтэй анзааран хүмүүсийн сонирхолд тохирсон хувцас урлаж эхэлснээрээ асар их ашиг олсон аж. Тус компани өдгөө 500 сая ам.доллараар үнэлэгдэж байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here