"Хатан Хаан СиСи"-ийн дүр түүнийг ДЭЛХИЙД таниулав
Монголын үзэгч олонд “Хатан хаан Сиси” киноны Сисигийн дүрээрээ та бидний хэзээний танил болсон Германы алдарт жүжигчин Роми Шнайдер агсны амьдрал, уран бүтээлийн тухай товчлон толилуулья.

Аль ч насны хүүхнүүд Роми Шнайдерийн агуу хайр хүндэтгэл, эмгэнэл хоёрын дундах нууцлаг амьдралыг биширдэг байсан юм. 1950-иад оны хүмүүсийн зүрх сэтгэлд шингэсэн Сиси хатан маань ажил мэргэжилдээ жинхэнэ эр хүний дайчин чанар, хор шартай нэгэн. Тэгсэн мөртөө, хайр дурлалд эм хүний өөрийгөө золиосолсон арчаагүй байдалтай. Энэ бол Ромигийн жинхэнэ дүр төрх….

Германы алдарт жүжигчин Роми Шнайдер

ХҮҮХЭД НАСАА ХАЛААСЛААД ЭНДЭЭС ШАЛАВХАН ХОЛД

Австрийн нэрийн хуудас болсон Роми Шнайдерийн жинхэнэ нэрийг Розмари Альбах Ретти гэдэг. Түүний судсаар Австрийн театрын хэдэн үеийн жүжигчдийн цус гүйж байлаа. Авьяас, алдар нэр, хөрөнгө мөнгөөр дутаагүй явсан Роми Шнайдер хувийн амьдралдаа аз жаргалтай байсан гэж хэлэхэд хэцүү. Эцэг, эх хоёр нь салсныхаа дараа охиноо католик сүмийн асрамжийн газар өгсөн аж. Уйтгартай сүм хийдийн нарийн дүрэм журам, ёсорхуу хүмүүжүүлэгч багш нар Ромид огтхон ч таалагдсангүй. Тэр 15 нас хүрэв үү үгүй юү, асрамжийн газраас гарчээ.

Роми шиг урлагийн ертөнцөд хурдан алдаршсан жүжигчин ховор гэдэг…

Уг нь Роми зураач болохсон гэж мөрөөддөг байлаа. Гэвч түүнийг асрамжийн газраас гарсных нь дараа ээжийнх нь ажилладаг байсан театрын продюссер түүнд “Голт бор цэцэглэх цагаар” гэсэн жүжигт тоглох санал тавьсан юм. Түүнд туслах дүр ногдсон хэдий ч Роми өөрийгөө жүжигчин болох ирээдүйтэй гэдгээ харуулсан юм. Дараа нь түүнийг “Галын наадам” кинонд тоглуулжээ.

Энэ үеэс тэрбээр Роми Шнайдер гэдэг уран бүтээлийн хоч нэртэй болсон байна. Роми шиг урлагийн ертөнцөд хурдан алдаршсан жүжигчин ховор гэдэг. Түүнийг амжилтад хүрэхэд хэзээнээс алдартай, чинээлэг удам угсаа, хээнцэр царайлаг дүр төрх, авьяас чадвар нь нөлөөлжээ.

СИСИГИЙН ДҮР ТҮҮНИЙГ ДЭЛХИЙД ТАНИУЛАВ

Эзэн хаан Франц Иосифийн хатан болсон Австри-Унгарын гүнж Елизавета Габсбургийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг зохиолын орь залуухан гүнж Сиси-гийн дүрийг бүтээх гайхалтай завшаан Ромид тохиосон юм. Ордныхоны элдэв адал явдал, тансаг үдэшлэг цэнгүүнээр элбэг, олон сайхан дүртэй энэ кино герман хэлтэн орнуудад дорхноо алдаршсан аж.

Сиси-гийн дүрийг бүтээх гайхалтай завшаан Ромид тохиосон юм

Роми эрчүүдийн зүрх сэтгэлийг ч булаах болов. Үеийнх нь залуус түүний хойноос хөл алдан гүйцгээж эхэллээ. Хүүхэлдэйн киноны алдарт уран бүтээлч Уолт Дисней түүнийг “энэ дэлхийн хамгийн сайхан бүсгүй” хэмээн олны өмнө зарлажээ. Хойт эцэг Герберт Блатцхайм нь Ромид Лугано нуурын эргийн үзэсгэлэнт шилтгээн бэлэглэсэн гэдэг.

Түүний орлого цагаар өсч, дэлхийн хамгийн баян бүсгүйчүүдийн нэг болсон юм. Гэвч тэр “алтан торонд” орсон шувуухай шиг амьдарч байв. Ээж, хойт эцэг хоёр нь түүнд тусгай цагийн хуваарь гарган өгч, алхам тутмыг нь хянадаг байлаа.

“Алдар нэр, мөнгө хоёр бол зэрэглээ юм. Үзэгдээд өнгөрөх зэрэглээг алдалгүй сайн харж ав” гэж ээж нь хэлдэг байв. Сэтгэл сайтай хэдий ч мөнгөнд маш хянамгай ханддаг хойт эцэг нь Ромиг үрэлгэн загнаж болохгүй гэж цаг ямагт захидаг байсан нь түүнийг залхааж орхисон байна. Роми хорин настайдаа “Кристина” гэдэг киноны гол дүрд тоглохоор Франц явжээ.

Түүнийг эцэг эх хоёр нь мөн л дагалаа. Харин тэр Франц-д Ален Делон хэмээх залуутай танилцжээ. Царайлаг, язгууртан төрхтэй ч элдэв муу явдлаараа кино урлагийнхан дунд зартай Ален Делон, Ромийн гэрийнхэнд таалагдсангүй. Гэвч Ромид тэдний үгийг сонсох сөхөө байсангүй. Ердөө жилийн дараа Ален Делоны эхнэр болохоор шийдсэн гэдэг.

Царайлаг, язгууртан төрхтэй ч элдэв муу явдлаараа кино урлагийнхан дунд зартай Ален Делонтой сүй тавьлаа.

“Эд хөрөнгөгүй, боловсролгүй, бүдүүлэг залуу чиний сэтгэлийг татах болсонд маш харамсаж байна” гэсэн хүйтэн үгтэй захидлыг аав, ээж хоёр нь түүнд илгээжээ. Роми Шнайдер тэдний үгийг хайхарсангүй. Ален Делонтой цуг Парисын ядуучуудын хороололд байр хөлслөн амьдрах болжээ. Тэд эхний үед аз жаргалтай байлаа. Хоёр хосод кинонд тоглох санал тасаралтгүй ирдэг байсан тул тэд мөнгөөр гачигдсангүй. Аль аль нь кино урлагт одтой байсан юм.

ХАЙР ДУРЛАЛ УУ, ЭСВЭЛ ШОХООРХОЛ УУ?

Ален Делон Натали Бартеле гэдэг бүсгүйтэй гэрлэхээр шийдсэнээ Ромид шууд хэлжээ. Роми сэтгэлээр удаан унасангүй. Берлинд соёлын төв нээх ёслолын ажиллагааны үеэр найруулагч Харри Мейентэй танилцаж, түүнийг эхнэрээс нь салгаж суусанаар түүнийг хоёр дахь амьдрал эхэлсэн түүхтэй.

Даниэльтэй суусныхаа дараа нэг охин төрүүлсэн аж.

Тэд гэрлээд Давид гэдэг хүү төрүүлжээ. Эхэндээ хосууд мөн л жаргалтай байлаа. Харри Мейен кино урлагт алдарших тусмаа архи уух нь ихэслээ. Тэр архи уугаад зогсохгүй үе үе Ромид гар хүрэх болов. Удалгүй нөхрөөсөө албан ёсоор салж, Даниэльтэй суужээ. Даниэльтэй суусныхаа дараа нэг охин төрүүлсэн аж.

Амьдрал нь ч нэг хэсэгтээ тогтвортой, өөрөө ч жаргалтай байлаа. Гэтэл хүүгийнх нь эцэг, салсан нөхөр нь Ромигийн хүзүүний ороолтоор хоолойгоо боож амиа хорлосон тухай мэдээ дэлхийгээр нэг тарав. Энэ явдлаас хойш хэдхэн жилийн дараа хүү Давид нь гэнэтийн ослоор нас баржээ. Шил шилээ дарсан таагүй явдлын улмаас Роми архи ууж, тамхи татаж, нойрны эм хэрэглэх болов.

Роми архи ууж, тамхи татаж, нойрны эм хэрэглэх болов

Гурав дахь нөхөр нь түүний ааш авирыг тэсч чадалгүй аажмаар холджээ. Зол болж “Дурлалын хий үзэгдэл” гэдэг киноны зураг авлтаар Италид явж байх үедээ Лоран Петен гэдэг өөрөөсөө дүү залуутай танилцсан нь түүнийг муха

Эрх хонгор Хатан Хаан Си-си бидний сэтгэлд хэвээр үлдсэн юм

рдмал байдлаас гаргасан байна.

Хэдийгээр Роми эмх замбараагүй амьдралтай болсон ч Лоран Петен түүнийг орхисонгүй. Хаврын тэр нэгэн шөнө Роми бичгийн ширээнийхээ ард хүүгийнхээ зургийг харж суусан чигээрээ өөд болжээ. Сонин хэвлэлд алдарт жүжигчнийг амиа хорлосон хэмээн мэдээлсэн аж.

Харин эмч нар түүнийг зүрхний шигдээсээр нас барсан гэсэн дүгнэлт гаргасан байна. Роми Шнайдерийг оршуулах ёслолыг Ален Делон биечлэн хариуцаж, хүүгийнх нь хажууд нутаглуулжээ. Ален Делон Лоран Петенд хандан “Миний хамгийн хайртай хүний дэргэд амьдралынх нь сүүлчийн өдрүүдэд цуг байсанд баярлалаа” хэмээн хэлсэн байдаг юм.

БИ ЧИНЬ СИСИ БИШ БОЛООД УДАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ, ЕР НЬ ХЭЗЭЭ Ч СИСИ БАЙГААГҮЙ” ХЭМЭЭН ХЭЛСЭН УДАА БИЙ. ГЭХДЭЭ ТЭР БЭЭР САЯ САЯ ХҮМҮҮСИЙГ ӨМНӨӨ СӨХРҮҮЛЖ ЧАДСАН ГАЙХАЛТАЙ ЖҮЖИГЧИН, ЭРХ ХОНГОР ХАТАН ХААН ХЭВЭЭРЭЭ ҮЛДСЭН ЮМ.

                                                                                                       Б.Хонгорсайхан