ardiin_jujigchin_myagmarnaran
Монгол улсын ардын жүжигчин Г.Мягмарнаран драмын театрын алтан тайзнаа 100 гаруй жүжиг, дэлгэцнээ мөн тооны бүтээлд тоглож зуу зуугаараа тоологдох дүрүүдээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон билээ
~Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран~

Монголын ард түмний хайрлан хүндэтгэдэг Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн гэр бүл болоод урлагтай дөрөө нийлүүлсэн баялаг түүхийг тантай хуваалцъя.

Жүжигчин Г.Мягмарнаран урлагтай 40 гаруй жил амьдралаа холбохдоо драмын театрын алтан тайзнаа 100 гаруй жүжиг, дэлгэцнээ мөн тооны бүтээлд тоглож зуу зуугаараа тоологдох дүрүүдээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон билээ. Харин энэ эрхэм амьдрал дээр аав ээжийн хүү, хүний хань, хүүхдийн эцэг, анд нөхдийн найзын “дүр”-ийг хэрхэн бүтээж яваа бол?

Төв аймгийн Лүн сумын уугуул Г.Мягмарнаран багадаа үзэх дуртай киноныхоо гол дүрийн чикист шиг хүн болохыг хүсдэг байснаа өдгөө бодон инээд алдан суудаг юм. Магадгүй түүний энэ л томоогүй бодол нь жүжигчин болох нууцхан хүслийг өвөрлөхөд хүргэсэн биз ээ.

ardiin jujigchin_Myagmarnaran_
Түүнд урлагийн “А” үсгийг эрдэмтэн, зохиолч Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун багш заажээ

1965 онд 24-р сургуулиа төгсөөд цэргийн сургуульд хуваарилагдсан ч “театрт дагалдан жүжигчин авч байна” гэсэн зарын дагуу очиж шалгуулснаар мөрөөдлөөрөө амьдрах замд хөтлөгдсөн гэдэг. Урлагийн “А” үсгийг эрдэмтэн, зохиолч Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун багшаараа заалгаж, этюд тайзны хөдөлгөөнийг МУГЖ Б.Жигмэддорж, тайзны яриаг Ардын жүжигчинн А.Цэрэндулам зэрэг мастеруудаар заалгажээ.

Залуу хос 1968 онд танилцаж, гэр бүл болжээ. Октябрийн баярын тоглолтонд оролцсон драмын театрынхан, ардын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид хамтдаа “Сөгнөгөр”-ийн амралтанд явжээ. Танихгүй хүн андашгүй байдаг шүү дээ. Автобусанд нэгэн үл таних бүсгүй суусан байсанд залуучууд болсон хойно тоглоом шоглоом хийн, цаашлуулж ичээж зовооно. Ингэж л тэд “Сөгнөгөр”-ийн амралтанд танилцсан түүхтэй.

Jujigchin-Myagmarnaran_ger bul
Залуу хос 1968 онд танилцаж, гэр бүл болжээ /Гэргий Д.Дашзэвэг/-ийн хамтаар

Тэр үед түүний сайн найз болох ДБЭТ-ийн удирдаач УГЗ Ж.Бүрэнбэх, улсын ардын дуу бүжгийн чуулгын шанзчинтай танилцаж гэр бүл болсон бол мөн найз морин хуурч МУГЖ Л.Идэрбат нь ансамблийн шанзчин Бүжээтэй танилцаж гэр бүл болжээ. Тэд гэр бүлийн их сайхан найзуудтай.
Залуу хос ханилан суухдаа ёстой бидний хэлдгээр бүгдийг тэгээс нь эхэлжээ. Өөрөө нэг цаасан хайрцганд хувцас хэдэн ном хийчихсэн, гэргий нь цагаан ор буга согоотой аравч төдийхөнтэй хоёр талаасаа нийлэн театрын ажилчдын байр гэх жижигхэн цагаан байшинд амьдралаа эхэлсэн гэдэг.

Жүжигчний цалин 500 төгрөг байсан тэр үед гэр бүлийн хоёр цувдай, толгойгоор оройн хоол хийж, баяр ёслолоор толгой шулаад мах нэмж бууз хийж ширээ засдаг байсан тухайгаа сайхан дурсамж болгон ярина. Хайр сэтгэлээрээ ханилан сууж, болгоё бүтээе, айл гэр болъё, үр хүүхдээ өсгөе гэж эвлэж нэгдсэн амьдралын амтыг юутай ч зүйрлэх аргагүй ээ.

Г.Мягмарнаран гуай угаасаа ч баяжъя таргалъя, илүү дутуу хөрөнгө мөнгө хураая гэсэн бодолгүй явдгаа нуудаггүй нэгэн. Тэр ч үүднээсээ үр хүүхдүүдээ боловсрол мэдлэгтэй, толгойд нь хөрөнгө оруулалт хийхийг боддог гэнэ билээ. Гэргий Д.Дашзэвэг “Тээврийн сонин” салбарын сонинд, сүүлд нь “Хойчийг залгамжлагч” сонинд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.

Урлаг халдварладаг…

Урлаг халдварладаг гэсний учир нь Г.Мягмарнаран гуай урлагийн хүнд хэцүүг мэддэгийн хувьд хүүхдүүдээ урлагаар өвчлүүлэх дургүй, сэргийлж байжээ. Гэсэн хэдий ч хүүхдүүд нь багаасаа театрт жүжиг үзэж, театраар өсч хүмүүжсэн. Саатуулахын эрхэнд заримдаа театрт өнжүүлж явсан нь театр урлагаар өвчлөх үндэс болж байсныг мэдэлгүй явж. Эр өсч эсгий сунана гэдэг. Хүүхдүүд ч өсч томрон мэргэжил сонгох болоход бүгд л урлаг театрыг сонгох хүсэлтэйгээ хэлж аавынхаа нүдийг орой дээр нь гаргаж орхиж.

Том хүү М.Батцэнгэл Москвагийн МБД дотоод яамны сургуулийг хуульчийн мэргэжлээр төгссөн. Хуулийн чиглэлээр ажиллаж байгаад хувийн бизнесээ эрхлэх болжээ. Дунд хүү М.Мөнхбат нь жүжигчин болно гэж хэд хоног аавыгаа дагаж шалгалтанд бэлджээ. 2, 3 шөнө нойргүй бэлдэж, яг шалгалт өгөх өдрөө унтаж орхиж. Шалгалт нь үдээс хойш авах байснаа гэнэт үдээс өмнө болсноор мөрөөдөл нь замхарч тэр жилээ Цагдаагийн академид элсэн орж хуулийн мэргэжлээр төгсжээ. Одоо аавынхаа эхлүүлсэн “Ам цангав” зоогийн газрыг эрхлэн явуулдаг.

ardiin_jujigchin-myagmarnaran
Г.Мягмарнаран гуай урлагийн хүнд хэцүүг мэддэгийн хувьд хүүхдүүдээ урлагаар өвчлүүлэх дургүй, сэргийлж байжээ

Харин бага хүүгээсээ ямар мэргэжилтэй болох талаар асуухад эмч болно гэхэд нь аав, ээж нь учиргүй ихээр баярлажээ. Ингээд сэтгэл зүйч эмчээр төгсөж шар хадны эмнэлэгт 2 жил ажиллаж. Харин нэг өдөр найруулагч болох хүсэлтэйгээ гэрийнхэндээ хэлжээ. Ингээд СУИС-д 2 жил суралцаж, одоо Москвагийн ГИДС-ийг дүүргэжээ.

“Болдог бол эхнэртээ Ардын жүжигчин зүүлгэж ачийг нь хариулахсан”

Тайз дэлгэцийн мэргэжилтэн Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуайн ажил, амьдралын амжилт гэргий Д.Дашзэвэгтэй салшгүй холбоотой. “Болдог бол эхнэртээ Ардын жүжигчин зүүлгэж ачийг нь хариулахсан” гэсэн гарчигтай түүний ярилцлагыг уншиж байснаа санаж байна.

Хүн бүр ижийнхээ ачийг хариулах учиртай

Г.Мягмарнаран гуайн ээж Б.Цэрэнханд бага залуудаа хандмаа хүн байж. Тэгээд ч тэр үү хүү нь ижийгээ бурхан гэж шүтнэ. Түүний ижий амьдралынхаа сүүлийн 10 жил хараагүй, ханийнх нь ижийн чих хатуу болсон аж. Хоёр ээж нь бие биедээ нүд, чих нь болж хүүгийндээ хамт амьдарна. “Хоёр хөгшинтэйгээ байхад мөн ч сайхан байж дээ” хэмээн сэтгэл нь хөдөлсөн аястай хэлж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here