Eric Yuan-01
Технологийн салбарын шинэхэн тэрбумтан 49 настай Эрик Юан

Интернет ашиглан видео конференс хийх програм/төхөөрөмж үйлдвэрлэгч “Zoom” компанийн CEO Эрик Юан нь 49 настайдаа долларын тэрбумтан болж чадсан гайхалтай түүхтэй билээ.

Инженерээс бизнесмен болж хувирсан энэ эрхэм өмнө нь Cisco-гийн Webex нэртэй видео конференс хийх бизнес дээр инженерийн багийг ахлан ажиллаж байжээ. Харин одоо бол Nasdaq-ын бирж дээр хамгийн эрэлттэй байгаа IPO-г гаргагч “Zoom” компанийн үүсгэн байгуулагч, CEO-гоор ажиллаж байна.

“Wall Street”-ийн санхүүгийн зах зээл дээр Zoom-ын нэр хүнд огцом нэмэгдсэнээр, IPO-гийнх нь ханш хувьцаа бүртээ 36 ам.доллар болж өсжээ. “Zoom” хувьцаа бүрийн IPO-гийн ханшийг ийнхүү өсгөсөн нь зах зээл дээр бодит эрэлт маш ихээр нэмэгдсэнтэй холбоотой. Одоо тус компанийн зах зээлийн үнэлгээ нь 9.2 тэрбум ам.долларт хүрч, үүсгэн байгуулагч Эрик Юан нь шинэхэн тэрбумтан болжээ.

“Zoom” видео конференс програмын бусдаас ялгагдах гол онцлог нь “freemium” загвар буюу интернетэд холбогдсон хэнбугай ч 40 хүртлэх минут үнэ төлбөргүй видео конференсинг хийх боломжийг олгодог явдал юм.

Програм Манхаттен дэх захирлуудын зөвлөлийн өрөөнөөс Хятадын нэгэн айлын гал тогооны өрөө хооронд хэрхэн сайн холбогдож, чанартай ажиллаж байгааг шалгахын тулд Эрик Юан инженерүүдээ шахдаг. Хятад гаралтай Америк бизнесмен Юан нь өөрийн төрөлх Хятад улсдаа олон зуун инженерийг ажилд авч, програмынхаа хэвийн байдал дээр ажиллуулдаг байна.

Түүнчлэн бизнесээ амжилттай эхлүүлэхийн тулд томоохон венчур хөрөнгө оруулалтын сангуудаас санхүүжилтээ авчээ. Гол нь төслөө танилцуулах бүртээ тухайн уулзалтад оролцох хөрөнгө оруулагч бүр “Zoom” аппликейшныг татаж авсан байхыг уриалж байжээ.

Нүдний өмнө бодитоор харуулж, амжилттай тайлбарлаж чадсан төсөл нь томоохон хөрөнгө оруулалтын сангуудаас дэмжлэгийг хангалттай авсан байна. Тэрбээр 5 жилийн хугацаанд ердөө найман удаа л бизнес томилолт хийсэн бөгөөд ихэнх хөрөнгө оруулагчидтайгаа “Zoom”-ын видео конференс ашиглаж, ажлаа ярилцдаг байна.

эх сурвалж: Jagaa Damdin

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here