Oracle-Safra Catz-03
Технологийн салбараас төрөн гарсан шинэхэн тэрбумтан эмэгтэй

Өөрийн хүч, хөдөлмөрөөр бизнесээ босгож, тэрбумтан болсон эмэгтэй Дэлхийд ердөө 61 байдаг аж. Энэ нь манай дэлхийн нийт тэрбумтнуудын жагсаалтын 3 хувийг л эзэлж байгаа юм. Тэрбумтнуудын жагсаалтад бичигддэг өөр 182 эмэгтэйн хувьд эцэг эхийнхээ юм уу, хэн нэгний асар их хөрөнгийг өвлөн авсан байдаг.

Харин дээр дурдсан 61 эмэгтэй нь бүгд өөрсдийн хүч хөдөлмөрөөр бизнесээ өргөжүүлэн тэлж, тэрбумтан болсон нь гайхалтай. “Self-made billionaire” буюу өөрийн хүчээр тэрбумтан болсон эмэгтэйчүүд дотор IT салбарын төлөөлөл тэр бүр байдаггүй.

Тэгвэл Цахиурын хөндийгөөс эмэгтэй тэрбумтан төрөн гардаг юм шүү гэдгийг харуулаад буй Сафра Катц нь технологийн салбарын томоохон акул болох “Oracle” корпорацын CEO-гоор ажилладаг. Израилийн Холонд төрсөн тэрбээр зургаан настай байхдаа аав ээжийн хамтаар АНУ-ын Массачусетс мужид дүрвэн суурьшсан гэдэг.

Хууль болон банк санхүүгийн мэргэжилтэй Катц нь 1986 оноос хойш банкны салбарт ажиллаж байгаад 1999 онд “Oracle” корпорацад нэгдсэн. Ингээд тэр цагаас хойш Oracle-ын үндсэн оффист болон хэд хэдэн охин компаниудад нь удирдах ажил хийсээр иржээ. Түүнийг Oracle-д ажиллаж байх хугацаанд тус корпорац салбарынхаа инновацилаг компаниудыг амжилттайгаар өөртөө нэгтгэж, санхүүгийн эрс шийдэмгий алхмууд хийснийг Катцтай холбон тайлбарладаг.

Катц нь компьютерын технологийн Oracle корпорацын CEO-гийн ажлынхаа хажуугаар “HSBC” группын захирлаар 2008-2015 oнд ажиллаж байжээ. Мөн алдарт “Walt Disney” компанийн ТУЗ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Түүний хөрөнгө нь 2019 оны байдлаар 1 тэрбум ам.доллар хэмээн “Forbes” мэдээллээ.

Хатагтай Катц 2017 онд 135 сая ам.долларын цалинтай ажилласнаар тухайн жилдээ дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй удирдах ажилтны нэгээр нэрлэгдэж байв. Дашрамд хэлэхэд Катц хувийн амьдралаа ихээхэн нууцалдаг бөгөөд хэвлэл мэдээллийнхэнтэй ярилцах дургүй,

Forbes-ын зүгээс технологийн салбарын тэрбумтан эмэгтэй болсон талаар нь ярилцлага авах гэхэд татгалзсан хариу өгчээ. Түүнийг олон нийтийн анхааралд өртөх дургүй, ажлаа л хийхийг хүсдэг, жинхэнэ ажлын төлөө төрчихсөн эмэгтэй хэмээн ойр дотнынхон нь тодорхойлдог гэнэ.

Б.Жаргалсайхан

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here