Bujigchin-Byambaa.
Үндэсний Урлагийн Их Театрын Бүжигчин, СТА М.Бямбаа
Түүнийг өсч яваа чадварлаг жүжигчнийх нь хувьд илүүтэй мэдэж болох. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны киноны Яргуйн дүрээр олонд танигдсан уран бүтээлч бол Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Мягмарын Бямбаа юм.

ҮНДЭСТЭН БҮХЭН ӨӨР ӨӨРИЙН ЁС ЗАНШИЛ, УЛАМЖЛАЛ ШИНГЭСЭН ҮНДЭСНИЙ БҮЖИГТЭЙ. ТЭР ДУНДААС МАНАЙ ҮНДЭСНИЙ БҮЖИГ ЯЛГАРЧ ХАРАГДСАН УЧРААС ЭНЭ АМЖИЛТЫГ ҮЗҮҮЛЖ ЧАДСАН БАЙХ?

М.БЯМБАА: Манай үндэсний бүжгүүд бүгд хөдөлгөөний арвин их баялагтай. Бий биелгээ бол монголчуудын соёлын биет бус өв бөгөөд нүүдэлчин бидний ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний онцлогийг тусгасан язгуур бүжиг юм. Таны хэлсэнчлэн үндэстэн бүхэнд өөрийн улсын ёс заншлыг илтгэсэн бүжиг бий. Тэдгээрээс манай бүжгийн онцлог, хөдөлгөөний баялаг, сүр хүчтэйгээр эгшиглэх хөгжмийн зохиол, иж бүрэн хувцас хэрэглэл зэрэг нь бусад үндэстнүүдээс тод ялгарч, хүмүүсийн анхаарлыг эрхгүй татдаг байх.

АНХЛАН ҮДБЭЧ ХЭМЭЭХ ОЛОН ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ, ШАЛГУУР ӨНДӨР ЭНЭ ТОМ АЙЛД ХЭРХЭН ХӨЛ ТАВЬЖ БАЙСАН ТҮҮХ СОНИН БАЙНА?

М.БЯМБАА: Бүжигчин мэргэжил бол миний багын мөрөөдөл. Би мөрөөдлөө биелүүлсэн гэж хэлж болно. Жаахан охин байхын л бүжиглэх чин зүрхнээсээ дуртай, бүжиггүйгээр өөрийгөө төсөөлөхөд ч бэрх мэт бүжгэнд дурласан байсан учраас ХБК-д орох зам руу хөтөлсөн юм. ҮДБЭЧ бол бүжигчин хэн бүхний хүслэн болсон шалгуур, босго өндөртэй газар. Миний хувьд ч ялгаагүй. ХБК-ийг төгсөх жил чуулгад 2, 3 мэргэжлийн бүжигчин элсүүлэхээр чуулгын удирдлагууд ирж, шалгалт авснаар би тэнцэж, энэ том айлын босгыг давах аз тохиож байлаа.

Bujigchin_Byambaa_Undesnii urlagiin ih teatr
М.Бямбаа: Бүжигчин мэргэжил бол миний багын мөрөөдөл. Би мөрөөдлөө биелүүлсэн гэж хэлж болно

Мөн сурагч байхдаа чуулгадаа дадлагаар ажиллаж, өөрийнхөө чадварыг харуулсан байсан минь ч үүнд нөлөөлсөн байх. Чуулгынхаа нэгэн эд эс болоод өдөр бүр шинийг сурч мэдэн, өөрийгөө боловсруулсаар л явна даа.

СТА, Бүжигчин М.Бямбаа: Монгол Үндэсний бүжгийн ‘сүр хүч’ эрхгүй ялгардаг

МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН. БҮЖИГЧИН МЭРГЭЖЛИЙН ЭЗЭН НЬ БОЛООД ЯВЖ БУЙ ЧИНИЙ ХУВЬД ЭНЭ МЭРГЭЖЛИЙН САЙХНЫГ ЮУНААС ИЛҮҮ ИХ МЭДЭРДЭГ ВЭ?

М.БЯМБАА: Амьдрал баялаг шүү дээ. Уйлах өдөр байхад инээх өдөр бас бий. Жаргал, зовлон ээлжлэн ирдэг өдрүүдийг би энэ мэргэжилдээ дурласан сэтгэлээр даван туулдаг. Өөрөөр хэлбэл, ажил дээрээ ирээд бүжгийнхээ зааланд хөлсөө гартал бэлтгэлээ хийхэд сэтгэл санаа өөрийн эрхгүй тайван амгалан болж, стресс үгүй болж, улам их эрч хүчээр цэнэглэгддэг. Сэтгэл зовоож байсан асуудал бүхэн ажил дээр ирээд замхардаг. Бүжигчин хүн бүр үүнийг мэдэрдэг байх. Тиймээс бүжгээ бүжиглээд ирэхээр сэтгэл санаа амар амгалан болдог учраас энд бүжигчин мэргэжлийн сайхан оршдог юм болов уу даа. Мөн томоохон хэмжээний тоглолт тайзнаа тавихын тулд олон сар бэлтгэл сургуулилт хийнэ.

Byambaa_bujigchin_Undesnii urlagiin ih teatr
Бүжиг гэдэг бол хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл. М.Бямбаа: Ямар нэгэн үггүйгээр үйлдлээр илэрхийлэх урлаг юм. Нэг үгээр, биеийн хэлэмж юм.

Энэ их хөдөлмөрийн дараа тайзнаа уран бүтээлээ хүссэн хэмжээндээ хүргэн тоглоод үзэгчдийн алга ташилтыг сонсох тэр мөчид үнэхээр их огшиж, бүр нулимс унагаадаг. Энэ бол уран бүтээлч бүрийн жаргал байх. Үзэгчдийн алга ташилтыг сонсоод зогсож байхдаа би энэ мэргэжлийг сонгосондоо үргэлж баярладаг.

ХҮССЭН ХҮН БҮХЭН БҮЖИГЧИН БОЛЧИХДОГГҮЙ. АВЬЯАСААС ГАДНА УЙГАГҮЙ ХӨДӨЛМӨР, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙХ.

М.БЯМБАА: Тэгэлгүй яахав. Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд тухайн хүнээс маш их тэсвэр тэвчээрийг шаарддаг. Ямар ч сунгалтгүй байсан биеийг сунгалт сайтай болгохын тулд маш их өвдөлтийг даан давах хэрэгтэй болдог. Үүнээс эхлээд л тэсвэр тэвчээр шаардсан зүйл олонтаа. Тиймдээ ч манай бүжигчид энэ бүхнийг тэвчиж даван гарсан байдаг учраас сэтгэлийн их хаттай, аливаад амархан нугарахгүй хатуужилтай, тэвчээртэй болж төлөвшдөг нь олон зүйлээс харагддаг.

БИДЭНТЭЙ СОНИРХОЛТОЙ ЯРИА ӨРНҮҮЛСЭН ТАНД БАЯРЛАЛАА. ЦААШДЫНХ НЬ УРАН БҮТЭЭЛД ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!

М.БЯМБАА: Маш их баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here