hogjmiin zohiolch_haliun
Хөгжмийн зохиолч Н.Халиуны ертөнцөд тавтай морил
~Хөгжмийн найруулгыг сайн тогоочийн сайхан хоолтой зүйрлэж болно~

Энэ удаагийн карьер буландаа Хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиуныг онцолж байна.

Рок поп урлагийн суурийг тавьсан “Соёл Эрдэнэ” хамтлагийн үүсгэн байгуулсан ОХУ-ын Буриад улсын АЖ, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Наранбаатарын хүү, “Монголын Урчуудын эвлэл”-ийн хорооны үүсгэн байгуулагчдын нэг МУУГЗ уран зураач Д.Лувсанжамцын зээ хүү юм.

Энэ сайхан удмын нэрийг өргөж, өөрийн ажил, амжилтаараа анхдагч болж чадсан нэгэн. Ингээд Халиуны ертөнцөд тавтай морил.

“Хөгжмийн найруулгыг сайн тогоочийн сайхан хоолтой зүйрлэж болно. Хоолны цэсийг мэргэжлийнхэн гаргадаг. Энэ бол хөгжмийн зохиолч юм. Маш сайн тогооч давс, амтлагчийг нь яв цав тааруулж, амтат хоолоо таваглан, үйлчлүүлэгчид хүргэдэг. Аранжировк буюу найруулгыг хийхдээ ч мөн адил басс гитар, бөмбөр, хийл гээд хөгжмүүдийн дуугаралтыг нэгтгэн, цогц болгож сонсогчдод хүрэхэд “амттай” байлгах ёстой. Энэ бол бидний ажил” хэмээн хөгжмийн зохиолч, найруулагч, продюсер Н.Халиун хэлсэн юм. Олноо нэр алдар нь түгсэн хамтлаг дуучдын арын фронтын нөр их ажлыг түүртэлгүй хийж, энгийн даруу зангаараа чимж яваа түүнийг үзэгч олон тэр бүр сайн мэддэггүй.

Хөгжим бол түүний үндсэн хобби. Мөн хөлбөмбөг, аялал, загасчлах нь түүний хобби. Жилдээ хэд хэдэн удаа аавтайгаа, найзуудтайгаа загасчилна. Хоббигоо ажил болгож чадсан хүн насан туршдаа хэзээ ч ажиллаагүй мэт амьдардаг гэдгийн тод жишээ нь энэ эрхэм.

Hogjmiin zohiolch_Haliun
Хөгжим бол түүний үндсэн хобби

Н.Халиуны бага нас өвөө, эмээтэй нь салшгүй холбоотой. Угаас хөгжимд дурлах зээ хүүгээ 7 настайд нь авч өгсөн төгөлдөр хуур хөгжмийн ард өнөөдөр бага охин Х.Аяс нь хичээлээ давтаж сууна. Төгөлдөр хуур хөгжмөө анх хараад хүү хагартлаа баярласан ч тоглож чадахгүй болохоороо 3 цаг тасралтгүй балбасан гэдэг. Ингээд Пионерын ордны /одоогийн Хүүхдийн ордон/ төгөлдөр хуурын дугуйланд мэргэжлийн багшийн удирдлагад суралцаж албан ёсоор хөгжмийн урлагт хөл тавьсан түүхтэй.

~Хөгжмийн найруулгыг сайн тогоочийн сайхан хоолтой зүйрлэж болно~

Дээр хэлсэнчлэн түүний өвөө УГЗ алдарт зураач Д.Лувсанжамц. Харин эмээ нь тухайн үеийн алдартнууд, төр засгийн удирдлагууд гадаад дотоодод айлчлалынхаа үеэр гадныхны нүдийг хужирлаж, гарын бэлгээ болгодог байсан бүтээлийн эзэн УГЗ, уран хатгамалч Б.Норолхоо гуай юм.

Hogjmiin zohiolch_producer_haliun
Түүний хөгжмийн зохиол, дууны ая, найруулга аранжировкийн бүтээл нийтдээ нэг мянга хол давахаас гадна 70% ХИТ болжээ. Өөрөөр хэлбэл түүний бүтээлүүд хамтлаг, дуучдын хамгийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлдэг юм

Халиуны ээж Л.Ичинхорлоо ч бас Хэвлэл чимэглэлийн үйлдвэрт олон жил ажилласан нэгэн. Өнөө цагийн домог зураг урлалын томчууд гэрт нь цуглаж, өвөөтэй нь нийлж зураг зурна. Урчуудын эвлэлийн хорооны “Хүрхрээ” зусланд зусагч зураачид өглөөний эртэд байгалийн сайхныг зотон тос, уран бийрээр мөнхлөн үлдээхээр бүгд гарч ирсэн байх тэр орчин, мэдрэмж, дүрслэл гайхалтай санагдана. Мэдээж өвөө, эмээ нь зээ хүүгээ зураач болгох хүсэлтэй байсан ч хүүгийн сонирхол тухайн үед ид моодонд орж байсан эстрад хөгжим, аавынх нь нөлөө давуу байсных уу Н.Халиун хүү хөгжимд дурлаж, дуу хөгжмийн замыг сонгожээ.

Тэрээр 1988 онд Улсын Багшийн Дээд Сургуулийн Хөгжмийн сургуульд элсэн оржээ. Эндээс Монголын сор болсон олон ч хөгжмийн зохиолч, бүтээгчид төрөн гарсан байдаг. Дуу хөгжмийн багш мэргэжилтэй Н.Халиун 2, 3 дугаар курстээ “Жавхлант” пионерын зусланд багшилж, дадлага хийх зэргээр өөрийгөө нэлээд хөгжүүлдэг байж.

Дурлалын түүх… 1990 оны хаврын тэр нэг өдөр. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо “Жавхлант” уруу явах унаандаа суухын өмнөхөн дурлалын цахилгаан гүйдэл цохиулсан залуугийн түүхийг ярьж өгье. Зуслангийн багшаар ажиллах найз бүсгүй Чаминаагаа гаргаж өгөхөөр ирсэн өндөр цагаан бүсгүйг хараад л дурлачихсан залуу зогсоо зайгүй “Тэр найзтай чинь танилцмаар байна” гэж шалсаар танилцаж, амьдралынхаа хань, авааль гэргийгээ болгожээ.

Hogjmiin zohiolch_Haliunii_ger bul
Залуу хос 1991 онд гэрлэж, 1992 онд том охиноо өлгийдөн авч, аав ээж болжээ

Залуу хос 1991 онд гэрлэж, 1992 онд том охиноо өлгийдөн авч, аав ээж болжээ. Гэргий Д.Хандсүрэн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсжээ. Тэд өнөөдөр “Тухайн үед төрийн албан хаагч яаж нэг муу оюутныг тоосон юм бол доо..” хэмээн хошигнон сууна. Энэ л хайр, энэ л сэтгэлээ өнөөдрийг хүртэл хадгалан ирсэн тэдний хайрын гэрч болсон Х.Мөнхбайгаль, Х.Эгшиглэн, Х.Аяс охид нь хоорондоо 8 насны зөрүүтэй.

Түүний хөгжмийн зохиол, дууны ая, найруулга аранжировкийн бүтээл нийтдээ нэг мянга хол давахаас гадна 70% ХИТ болжээ. Өөрөөр хэлбэл түүний бүтээлүүд хамтлаг, дуучдын хамгийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлдэг юм.

Сурвалжилсан: М.Хонгорзул

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here