hosog-brand-01
Натурал хэв маягыг эрхэмлэгч, үндэсний брэнд "ХӨСӨГ"

Хүүхдээ хардаг ээжүүд болон эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд тусалж, хамтран ажиллаж эсгийгээр эко бүтээгдэхүүн хийж эхэлсэн нь богино хугацаанд олонд танигдаж үйл ажиллагаа нь өргөжсөөр 2015 оны арван нэгдүгээр сард үйлдвэрлэл эхэлжээ.

Анхнаасаа л ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулж эхэлсэн тэдний гол зорилго эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийг байнгын ажлын байртай, тогтвортой орлоготой байлгахад чиглэсэн аж.

Арваад эмэгтэйг нийгмийн даатгалд хамруулан, ажлын байраар хангахаас гадна эсгий урлалын сургалт явуулдаг хэд хэдэн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

“Хөсөг” брэндийн нэг цүнх бүтээхэд л гурван байгууллагын оролцоо, үйл ажиллагаа нэгддэг. Цаашлаад олон гэр бүл ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдэх юм. Тиймээс гадаад харилцаа маркетингаа өргөжүүлж олон хоршоог байнгын ажилтай байлгахыг гол зорилгоо болгодог аж.

Дүүрэг бүрт Норвеги Улсын төсөл хэрэгжиж маш олон хүнийг эсгий урлалын сургалтад хамруулсан болохоор эсгийгээр гар урлал хийдэг хүн Монголд олон болжээ. Хэдхэн эсгий углааш хийхээс илүүтэй нэгдэн зохион байгуулалтад орж, Монгол брэндийг хамтдаа бүтээн, экспортод гаргаж илүү амжилтад хүрэх боломж байгааг “Хөсөг”-ийнхөн энэ үеэр онцолж байв.

~ЭРҮҮЛ ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХИЙГ ЗОРЬДОГ~

Зуун хувь монгол хонины ноосон эсгийгээр, монгол уламжлал өв соёлыг шингээн, монгол хүний гараар бүтдэг “Хөсөг” брэндийн бүтээгдэхүүн бүр эрүүл эко натурал хэв шинжийг өөртөө агуулдаг тул гаднын жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг. Гар утасны гэр, цүнх, ipad-ний хавтас, түрийвч зэрэг 15 төрлийн 70 гаруй бүтээгдэхүүнийг тэд Дэлхийн зах зээлд зориулан хийж байгаа аж.

Тиймээс ч шинэ бүтээгдэхүүн гаргах бүртээ судалгаа хийн, жижиг деталь хэсэг бүрт ач холбогдол өгч үйлдвэрлэл явуулдгаа тэд дурдсан. Мөн бүтээгдэхүүнээ гоё ганган байлгахаас илүүтэй, хүний хэрэгцээнд өдөр тутам ашиглах талаас бодолцож үйлдвэрлэдэг гэв. Натурал эко бүтээгдэхүүнийг эрхэмлэдэг гаднын иргэд ихэвчлэн “Хөсөг” брэндийг сонгодог тул дотоодоос илүү гадагшаа гарч байгаа аж. Ялангуяа япончууд “Хөсөг”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэх дуртай.

“Хөсөг” брэнд оффисийн хэрэгцээ, эко зочид буудлын, хүүхдийн сет зэрэг олон төрлөөр үйлдвэрлэгддэг байна. Бүтээгдэхүүний материал, сав, баглаа боодол зэрэг бүх зүйл нь эко натурал байхыг эрмэлздэг тул, эко зочид буудлын зэрэглэл хангасан хэд хэдэн зочид буудал хамтран ажиллаж коллекци хийлгэжээ.

Гэрлийн бүрхүүл, салфетканы гэр, дэрний уут, цэцгийн суурь, жаазтай зураг зэрэг монгол өнгө аястай дулаан уур амьсгал бүрдүүлж өгсөн коллекци нь АСЕМ–ийн уулзалтын үеэр, тусгай зочид төлөөлөгчдийг хүлээн авсан зочид буудлуудад тавигдсан байна.

Нэрээсээ өгсүүлээд лого нь хүртэл эртний XIII зууныг санагдуулахуйц утга учиртай. “Ноён– Уул”-ын хадны зурагт хамгийн анх хөсөг тэрэг зурагдаж байсныг эрдэмтэд нотолжээ. Хөсөг тэргийг план аргаар дээрээс нь харж зурж байсан гэхээр, тухайн үеийн хүмүүсийн сэтгэлгээ өндөр төвшинд хөгжсөн байсныг ч тэд баталж байж.

Тиймээс ч Монголын нүүдэлчдийн анхны тээвэр цаг үргэлж нүүж, урагшилдаг байсныг нь бэлгэдэж тэд энэ нэрээр брэндээ нэрлэжээ. Нэг ёсондоо улсынхаа эдийн засгийн урагшлах нэг хэсэг нь байя гэж бэлгэджээ.

Үндэсний үйлдвэрлэл эрхэлж ээжүүдийг ажилтай орлоготой байлгахад гол анхаарлаа хандуулж, эрүүл эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “Хөсөг” брэндийн хамт олон өнөөдрийн нийгэмд шинэ соёлын үрийг тарьж байгаа нь үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн болгоноос нь мэдрэгдэж байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here