Намар цагийн хувцас загварт ДУГУЙ МАЛГАЙ өнгө нэмнэ

       Энэ намар ямар малгайгаар гоёх гэж байна? Ийн бодож суугаа танд зөвлөхөд малгай нь салхи ихтэй манай оронд үсийг сэгсийлгэхгүй, толгойноосоо даарахгүй байхад тустай.

Мөн донжийг нь олоод өмссөн малгай таныг сайхан харагдуулна гэдэгт бүү эргэлз. Тэгвэл зураач нарыг илтгэх мэт дугуй малгай энэ намрын загварын чиг хандлагад хүч түрэн орж иржээ. Харин үүнийг ямар хувцас дээр хослуулан өмсөх талаар энд зөвлөж байна.

Дугуй малгайны түүхийг сөхвөл…

19 дүгээр зууны үеэс эхлэн Франц, Испанид анх үүсч, улмаар европт тархан дэлгэрч эхэлжээ. Эхэндээ хар дугуй малгай нь цэрэг хүчнийхний дүрэмт хувцасны нэгэн хэсэг байсан бол улмаар цагдаа нарын нийтлэг малгай болсон түүхтэй. Мөн энэхүү малгайг сэтгэгчид, кино найруулагчид, зохиолчид болон зураачид зэрэг урлагийнхан өмсөж, өөрсдийн имижээ бүрдүүлж байжээ. Тэдний дундаас Нидерландын алдарт зураач Рембрант, Германы алдарт хөгжмийн зохиолч Ричард Вагнер дугуй малгайгаар өөрсдийн имиж дүр төрхөө бүрдүүлсэн байдаг. Харин 20 дугаар зууны дунд үеэс АНУ, Их Британид дугуй малгай нь эмэгтэйчүүдийн загварын ертөнцөд нэвтэрч эхэлсэн бол энэ зууны сүүл хэсгээс Хятадад уг малгайг өргөнөөр хэрэглэдэг болжээ.


Энэхүү малгайг өөрсдийн имиж болгон бүрдүүлсэн эмэгтэйчүүд бол Францын нэрт жүжигчин, модель Брижитт Бардот болон Английн алдарт жүжигчин, модель Твигги юм.


Дугуй малгай нь хэлбэр хэмжээ болон материалаасаа шалтгаалан хоорондоо ялгаатай. Энэхүү малгай нь тэр бүр эмэгтэйчүүдийн нийтлэг сонголт биш учраас өөрийн хувцсандаа тохируулан духдуулснаар таны дүр төрхийг тун чамин хээнцэр бүрдүүлэх болно. Дугуй малгайны загвар хийц маш өргөн сонголттой, өнгөний хувьд ч бүдгээс тод гэсэн олон төрлийн шийдэлтэй болсон энэ цагт ямар өнгө загварын хувцас өмсөх гэж байна түүндээ тохируулах бүрэн боломжтой. Тиймээс загварын чиг хандлагатайгаа хөл нийлүүлэн хэдэн төрлийн дугуй малгайтай байхыг зөвлөж байна.

Германы жүжигчин, модель Диана Кругер дугуй малгайгаар өөрийн имижээ бүрдүүлээд удаж буй. Энэхүү малгайгаар олон жил гоёсон учраас ямар хувцас дээр тохируулан өмсөхөө тэр сайн мэднэ. Тиймээс энэхүү малгайны хувьд түүнээс суралцах зүйлс олон.

Америкийн загвар зохион бүтээгч, жүжигчин, мөн модель Клой Севигни энэ намрын чиг хандлагатай хөл нийлүүлэн ийн алхаж буй. Өөрөөр хэлбэл, түүний энэ намрын сонголт дугуй малгай.

Дулаан, загварлаг харагдах мэдрэмжийг ДУГУЙ МАЛГАЙ танд өгнө

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here