Mongoloo kids БРЭНД
Mongoloo kids БРЭНД
Эх орондоо үйлдвэрлэсэн монгол брэндийг онцолдог энэ удаагийнхаа дугаарт хүүхдийн хувцас үйлдвэрлэлийн салбарт манлайлж яваа Mongoloo брэндийг та бүхэнд танилцуулж байна. Үүсгэн байгуулагч нь Г.Ундрам хэмээх бүсгүй юм. Тэрбээр дизайнерийн чиглэлээр сургууль дүүргэж, хувцас урлалын салбарт өөрийн гэсэн хэв шинж бүхий брэнд гаргахаар зүтгэж яваа авьяаслаг бүсгүй. Хүсэл мөрөөдлөө ажил хэрэг болгон, зорилго зорилтоо хэрэгжүүлж яваа түүний Mongoloo Kids брэндийн талаар ярилцлагыг хүргье.
mongoloo
Хүүхдийн хувцас үйлдвэрлэгч Mongoloo kids БРЭНД

-“Mongoloo Kids” хүүхдийн хувцасны брэндийн эхлэл хэрхэн тавигдах болсон талаар ярилцлагаа эхлье?

Миний хувьд багаасаа л юм оёж, шидэх дуртай байсан. 2012 онд “Сити” дээд сургуулийг дизайнерийн мэргэжлээр төгссөн. Би хүнийг дуртай зүйлээ хийж, түүгээрээ амжилт гаргах хэрэгтэй гэж үздэг. Тийм хүмүүс байдаг шүү дээ. Хоббигоо бизнес болгочихсон, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн яваа. Сургуулиа төгсөөд үндэсний хувцас урладаг газарт хэсэг хугацаанд ажиллаж байгаад дараа нь хувиараа бизнес эрхэлсэн. Тэгээд удалгүй хүүхэдтэй болж, гэртээ суусан даа. Дизайнер төдийгүй ээж хүн болчихоор аль болох хүүхдэдээ тав тухтай, сайхан хувцас өмсгөхийг хүсдэг юм билээ. Тэгээд л хүүхдийн ямар хувцас эвтэйхэн хэрнээ дэгжин үндэсний хэв маяг шингэсэн байх вэ гэдэг талаас нь бодож үзсэн. Гэртээ байхдаа хамгийн анх хүүхдэдээ боди хийж үзсэн юм. Тухайн үед цагаан сарын баяр таарсан учир загварлаг хэрнээ, үндэсний хэв шинж хосолсон охидын даашинз оёж үзсэн. Хийсэн зүйлсээ фэйсбүүк хуудсандаа тавьтал олон хүнд таалагдаж, заримаас нь захиалга ирсэн шүү. Ингээд л үндэсний хэв шинж шингэсэн хүүхдийн хувцас хийе гэсэн бодол төрж, “Mongoloo Kids” брэндийг байгуулсан. Эхэндээ гэртээ оёдол хийж байгаад өнгөрсөн зургадугаар сард дэлгүүрээ нээсэн.

mongoloo kids
Хүүхдийн хувцас үйлдвэрлэгч Mongoloo kids БРЭНД

-Залуу хүнд энэ хэмжээний бизнес эхлүүлэхэд нэлээд зориг хэрэгтэй болов уу. Магадгүй тань шиг олон ээж нар хүсэл мөрөөдлөө биелүүлж чадахгүй суугаа. Туршлагаасаа хуваалцаач?

-Хүмүүс их хэмжээний хөрөнгө оруулалтаас гарааны бизнес эхэлдэг гэж боддог. Миний хувьд хүүхдээ харж байхад шинэ санаа төрж, юу ч үгүй хоосноос энэ бүхэн эхэлсэн. Шинэ санаа төрсөн даруйд л миний толгой зогсоо зайгүй ажилласан. Зүгээр сууж чадахгүй байлаа. Хүүхэд маань жоохон байсан учир өдөр нь төдийлэн зав гарахгүй. Хүүхдээ унтахаар шөнө нь юмаа оёж, загваруудаа гаргадаг байсан. Би нэг нэг шатаар дээшээ өгсөж яваа гэж өөрийгөө бодож байгаа. Ингэж явна гэдэг зөв замаар, эрүүл сэтгэлгээгээр бизнес дээшилж байгаагийнх болов уу. Түүнээс биш нэг загвар гаргачихаад л том брэнд болгож, гаднын зах зээлд гаргана гэж хэлэх нь зохимжгүй. Хамгийн түрүүнд Монголынхоо хэрэглэгч нарт брэндээ таниулах, өөрийн гэсэн орон зайтай болох нь чухал байна.

mongoloo brand
Хүүхдийн хувцас үйлдвэрлэгч Mongoloo kids БРЭНД

 

Түүнчлэн хүн юу хүсэж, юунд тэмүүлж байна вэ. Залуу хүний хувьд юу хийх дуртайгаа тодорхойлж, өөрөө өөрийгөө сонсох хэрэгтэй. Монголд дээд боловсролтой хэрнээ ажилгүй олон залуу байна. Зарим нь ажилдаа сэтгэл хангалуун биш, зөвхөн цалингийн төлөө өдөр хоногийг аргацаасан байдалтай амьдардаг. Нарийн мэргэжил эзэмших хүсэлтэй хүмүүс цөөхөн болж. Магадгүй тэд энэ ажлыг голдог байх л даа. Цахилгаанчин байсан ч ажлаа сайн хийдэг бол хаана ч гологдохгүй, ажилгүй, орлогогүй байна гэж байхгүй шүү дээ. Хийж байгаа юмандаа чин сэтгэлээсээ дуртай, түүнээсээ таашаал авдаг байх хэрэгтэй.
mongoloo kids
Хүүхдийн хувцас үйлдвэрлэгч Mongoloo kids БРЭНД

 

-Дэлгүүр нээхэд нэлээн хэмжээний мөнгө хэрэгтэй болсон уу. Хөрөнгө мөнгөний шаардлагаа хэрхэн шийдсэн бэ?

-Хамгийн анх хувьдаа хоёрхон оёдлын машинтай, гэрийнхээ хоолны мөнгөнөөс илүүчлээд материал авч, оёж эхэлсэн. Хүмүүст загварууд маань таалагдаж эхлэхэд улам их урам зориг авч, цаашид юу хийвэл хэрэглэгч нарт таалагдах бол гэсэн судалгааг хийсэн. Тухайн үед шинэ жилийн баяр болох гэж байсан юм. Охидын загвар гаргах гээд мөнгө олдохгүй банк бус, санхүүгийн байгууллагаас 1.5 сая төгрөгийн зээл авсан. Эргээд бодоход нэг жилийн хугацаанд их хэмжээний ашиг олж, компанийн түвшинд хүрч чадаагүй ч хэрэглэгч нартай болж, брэндээ таниулсан байна.

mongoloo
Хүүхдийн хувцас үйлдвэрлэгч Mongoloo kids БРЭНД
Хонгилын өрөөнөөс эхэлсэн оёдлын цех маань өнөөдөр тусдаа өрөөтэй болж, өөрийн гэсэн дэлгүүр нээж, цогцоороо хөгжиж байна. Шат ахих тусам надаас илүү их хөдөлмөр шаардаж байгаа. Тиймээс одоо хөдөлмөрлөх л үлдлээ. Залхуурч суувал хийсэн бүхэн маань хормын төдийд замхарна шүү дээ. Өнөөдөр хүн бүр жижиг брэнд гаргаж чадаж байна. Гэхдээ хэдэн жилийн дараа хэн хөдөлмөрлөсөн нь л үлдэнэ. Хэрэглэгчид дандаа шинийг хүсэж, загвар дорхноо хуучирдаг жамтай. Тиймээс цаашид энэ хувцаснуудаа төгс хэмжээнд, томоохон брэнд болгохыг зорьж байна.
mongoloo kids
Хүүхдийн хувцас үйлдвэрлэгч Mongoloo kids БРЭНД

 

-Мода Монголоор дуусдаг гэдэг яриа байдаг шүү дээ. Гэхдээ энэ үгийг манай чадварлаг дизайнерууд, ялангуяа үндэсний хувцас урлалынхан үгүйсгэж чадаж байгаа. Таны хувьд загваруудаа гаргахын тулд юун дээр голчлон анхаардаг вэ?

-Загваруудаа би хүүхдийн брэндийн хувцаснаас санаа авч огт хийдэггүй. Анхны гаргасан загварууд маань хүмүүст хүрч, таалагдсан учраас үйлдвэрлэлийн шатанд очсон. Ингээд хэрэглэгч нарт хүрч эхэлмэгц материал хийгээд загварын хувьд улам боловсронгуй болгох шаардлага гарсан. Манай брэндийн хувьд үндэсний хэв шинж бүхий загвар дээрээ тулгуурлан улиралд нь тааруулж материал нь нимгэн, зузаан болох жишээтэй. Жишээлбэл, 0-2 насны хүүхдийн хувцас хүүхдийн биеийг барихгүй арай өргөн байдаг бол хоёроос дээш насныхны хувьд арай загварлаг болох маягтай.

mongoloo kid
Хүүхдийн хувцас үйлдвэрлэгч Mongoloo kids БРЭНД

 

Үндсэн загварт Монгол үндэсний хүрэм, хантааз, эрэгтэй хүүхдийн хослол, цамц зэргийг хүүхдийн биед эвтэйхэн, тав тухтай, өдөр тутам өмсөх боломжтой байдлаар хийдэг. Хүүхдийн хувцасны хамгийн чухал зүйл нь материал. Дэлгүүрт материал нь чанартай байвал загвар нь хуучинсаг, эсвэл загвар сайтай бол материал муутай байдаг тохиолдол цөөнгүй. Тиймээс манай брэндийн хувьд аль алиныг нь анхаарч, хүүхдийн биед тухтай, өдөр тутам өмсөж болохоор, гадуур байдаггүй загварыг цөөн тоогоор боломжийн үнээр үйлдвэрлэдэгээрээ онцлог.
mongoloo
Хүүхдийн хувцас үйлдвэрлэгч Mongoloo kids БРЭНД

 

-Цаашид массыг хамарсан үйлдвэрлэл эрхлэх бодол бий юү?

-Бизнесийн зээл авч, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэхээр хөөцөлдөж байгаа. Гэхдээ нэлээд ажиллагаатай юм билээ. Мэдээж хэрэг Монголын хүүхдийн хувцасны зах зээлд чанартай, загварлаг бүтээгдэхүүн нийлүүлэхээр зорьж байгаа.

Залуу хүний хүсэл мөрөөдөл ямагт хязгааргүй орон зайд тэмүүлдэг. Тэр ч утгаараа хийж бүтээх хүсэл тэмүүлэл үргэлж оршдог байх. Өөрийн сонирхол хоббиг бизнес болтол хөгжүүлж чадсан Mongoloo kids брэндэд өндөр амжилт хүсье. Монголынхоо хүүхэд багачуудад эх орондоо үйлдвэрлэсэн хувцасаар гоёх үүд хаалгыг нээж буй их үйлсэд нь амжилт хүсье.

 

mongoloo
Хүүхдийн хувцас үйлдвэрлэгч Mongoloo kids БРЭНД

 

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here