guzeenii_chips_01
Үхэр, хонь, ямааны гүзээ ашиглан ГҮЗЭЭНИЙ ЧИПС үйлдвэрлэж буй

Бид энэ удаагийнхаа ярилцлагын зочноор эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК-ийн захирал Д.Нансалмааг урьж ярилцлаа. Тэрбээр үхэр, хонь, ямааны гүзээ ашиглан чипс үйлдвэрлэж буй нь олон хүнийг сонирхолыг татах нь дамжиггүй биз ээ.

-Танай “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК хэдэн онд байгуулав. Одоо хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

-“Хүрэн бүдүүн хайрхан” компаниа 2016 онд байгуулсан, өнгөрсөн жилийн 10 дугаар сараас эхлэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай компани одоогийн байдлаар найман төрлийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ хүргэж байна. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулахаар ажиллаж байна. Манай компанийн гол нэрийн бүтээгдэхүүн “Оточ” хүрэн манжингийн цай. Зургаан жилийн өмнө миний даралт ихэсч, бие суларч нэлээд удаан хугацаанд өвдсөн. Тэр үед хамгийн сайн гэсэн бүх л эм, тариаг хэрэглэдэг байсан ч бие олигтой дээрдээгүй. Тэгэхээр нь ардын уламжлалт эмчилгээг судалж байх явцдаа хүрэн манжингийн шүүсийг сайн гэж дуулаад, зургаан сарын турш хандалж уусан. Энэ хугацаанд миний биед маш их өөрчлөлт гарч эдгэрсэн. Тиймээс над шиг өвчтэй хүмүүст тусалж эрүүлжүүлэхийг хүсч ард түмэндээ зориулж ямар нэгэн химийн найрлага ороогүй “ЭКО” бүтээгдэхүүн хийхээр сэтгэл шулуудсан даа. Хүрэн манжингийнхаа цайг үйлдвэрлэж эхлэхээс өмнө хоёр жилийн хугацаанд мэдээ, мэдээлэл цуглуулж судалгаа хийсэн.

-Бид танай компанийн “Гүзээний чипс”-ийг онцолж байгаа юм. Гүзээгээр чипс хийсэн гэхээр уншигчид сонирхож хүлээж авах байх?

-Манай компанийн шинэ бүтээгдэхүүн “Гүзээний чипс”-ийг хүмүүс маш их талархан хүлээн авч байна. Энэ бүтээгдэхүүнийг бага насны хүүхдүүд идэхэд жаахан хатуу. Ер нь насанд хүрэгчдэд зориулсан. “Пивоны даруулга маягаар хэрэглэвэл зүгээр юм” гээд хэрэглэгчид маань сэтгэгдлээ хэлж байгаа.

-“Гүзээний чипс”-ийг заавал пиво уухдаа идэх албагүй, кино үзэж байхдаа амны зугаа байдлаар хэрэглэж болохоор санагдлаа?

-Тийм шүү, хөдөө амралт зугаалгаар явахдаа идэхэд зүгээр шүү. Манай компани цаашид бүтээгдэхүүнийхээ нэр, төрөл зүйлийг олон болгохоор төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Хамгийн гол нь санхүүгийнхээ асуудлыг шийдчихвэл болох гээд байна. Хувь хүн болон албан байгууллагыг манай компанитай хамтран ажилахыг танай сайтаар дамжуулан хүсч байна. Манай компанийн зүгээс эрүүл зөв хооллохыг хүсдэг, хоолны дэглэм барьдаг бүсгүйчүүддээ, дөнгөж төрсөн хөхөнд нь сүү орохгүй байгаа эхчүүддээ зориулан бүх төрлийн ногоо, гүзээг хатааж нунтагласан хуурай шөл хийж байгаа. Үүнийг тараг, буцалсан усанд найруулаад ууж болно. Мөн хүүхдүүддээ цөгийн балаар амталсан “Гүзээний чипс” хийхээр туршиж үзсэн. Их аятайхан болсон. Удахгүй худалдаанд гарна.

-ГҮЗЭЭНИЙХЭЭ АШИГ ШИМТЭЙ БОДИСЫГ УСТГАХГУЙН ТУЛД ТОГТМОЛ ТЕМПЕРАТУРТ ЧАНАДАГ-

-Малын түүхий эдээс яагаад заавал гүзээг сонгож чипс хийсэн юм бэ?

-Малын гүзээнд хүний биед хэрэгтэй маш олон амин дэм агуулагддаг. Мөн эрүүл мэндэд ач холбогдолтой болохоор нь гүзээг сонгож чипс хийсэн. Бүтээгдэхүүндээ үхэр, хонь, ямааны гүзээг ашигладаг. Манай компани химийн нэмэлт бодис хэрэглэдэггүй. Зөвхөн байгалийн гаралтай түүхий эдийг ашигладаг. Ингэхдээ гүзээнийхээ ашиг шимтэй бодисыг устгахгүйн тулд тогтмол температурт маш сайн чанаж зөөлрүүлснийхээ дараа давс, хар перцээр амтлан үйлдвэрийн аргаар хатаадаг. Нэлээд хэдэн жилийн өмнө сахарын өвчтэй хүмүүс надаар гүзээний салат захиалгаар хийлгэдэг байсан. Амархан мууддаг байсан болохоор хуурайшуулах технологи боловсруулж гүзээгээ хатаасан чинь аятайхан болсон. Тэгэхээр нь “Гүзээний чипс” гэж нэрлээд хэрэглэгчиддээ хүргэж байна.

-Өдөрт хэдэн ширхэг уут чипс үйлдвэрлэдэг вэ. Танай бүтээгдэхүүнүүд хаагуур борлуулагдаж байна?

-Өдөрт ойролцоогоор 200 уутыг үйлдвэрлэж байна. “Метро молл” их дэлгүүрийн В1 давхарт, ТБД Андуудын хажууд байрладаг “Старс” центрт худалдаалагдаж мөн “Баянмонгол” хорооллын ихэнх дэлгүүрүүд, дүүргүүдийн худалдааны төвүүдээр манай бүтээгдэхүүнүүд түгээмэл зарагдаж байна.

-“Оточ” хүрэн манжингийн цай болон танай бусад бүтээгдэхүүнийнхээ талаар манай уншигчдад товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Манай бүтээгдэхүүнүүд эрүүл мэндийг дэмжих учраас нарийн жор, хэмжээ байхгүй хэрэглэгчид маань өөрийнхөө хэрэглээндээ тохируулаад хэрэглэхэд л болох юм. Мөн заавал өвчтэй хүмүүс хэрэглэнэ гэхгүй аливаа нэг өвчнөөс урьдчилан сэргийлэх байдлаар бүх насны хүмүүс хэрэглэж болдог гэдгээрээ онцлог. Хүн эрүүл байна гэдэг аз жаргалтай амьдралын эхлэл шүү дээ. Жишээлбэл, бидний өдөр тутамдаа хэрэглэдэг липтон цай химийн будагтай байдаг. Харин “Оточ” хүрэн цайны гол найрлага хүрэн манжин байгалиасаа будагч бодис ихтэй учраас химийн нэмэлт бодис хэрэглэх ямар ч шаардлагагүй байдаг. Мөн монголд дөнгөж нутагшуулан ургуулж буй хар манжингаар цай хийсэн. Энэ манжингийн ханд сахрыг эрчимтэй буулгаж тогтворжуулдаг, илүүдэл өөхийг задалж эрүүлээр тураадаг, биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй ургамал. Улаан, хар гэсэн ихэр манжингаараа эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон хүнийг эрүүлжүүлнэ гэсэн зорилготой ажилдаг. Манайх бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг Төв аймгийн Жаргалант суманд химийн бордоо ашиглалгүй тарьж ургуулдаг.

-Та бүхэн эдгээр бүтээгдэхүүнээ гадны зах зээл дээр гаргахаар судалж байна уу?

-Би хэдхэн хоногийн өмнө Өвөрмонгол руу үзэсгэлэн худалдаанд явчихаад ирсэн. Тэнд ажиллаж амьдардаг монголчууд маань сайхан хүлээж авсан. Мөн Өвөрмонголын ардын жүжигчин хамтран ажиллах санал тавьсан. Тэр хүний нөхөр нь хоёр жилийн өмнө хүндээр өвдөж химийн эмчилгээ хийлгэж байх явцдаа хордож ОХУ-аас 10 кг хүрэн манжин захиж авчруулаад хандалж уугаад бие нь дээрдсэн юм билээ. Тэгээд монголд ирээд манай компанийн “Оточ” хүрэн манжингийн цайг бүтээгдэхүүнийг олж хараад ихэд олзуурхан худалдаж авсан юм билээ.

-ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРТ ХӨНГӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙГ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОДОГГҮЙ-

-“Эко” бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Бүгдийг эхнээс нь бага багаар эхлүүлсэн. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүст тулгардаг саад бэрхшээлийг бүгдийг нь туулж гарч ирсэн. Өнгөрсөн арван сараас хойш унтаж амрах ч завгүй хөдөлмөрлөсөн. Нэг жилийн хугацаанд олон зүйл мэдлээ, сурлаа. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх байхаа. Намайг хамгийн анх “Эко” бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэхэд гэр бүлийнхэн, хамаатан садны хүмүүс маань их сайхнаар хүлээж авч, ургаш алхахад дэм болж, тусалж дэмжсэний хүчинд өдий зэрэгт хүрсэн гэж боддог шүү.

-Жижиг дунд бизнес эрхлэхэд ямар саад бэрхшээлт тулгарч байна?

-Алхам тутамд л саад бэрхшээл тулгарч, заримдаа шантарч няцах үе гардаг ч гэсэн баярлах нь олон доо. Жижиг дунд үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээлийг хүртээмжтэй олгох тал дээр төр засаг маань анхааралтай ажиллаасай гэж хүсдэг дээ. Монголчууд хүрэн манжангийн ач тус маш сайн мэддэг болохоор хэрэглэгчид “Оточ” хүрэн цайг их авдаг. Харин гүзээгээр чипс хийсэн гэхээр “Хонь, ямааны гүзээ юу, заавал ингэж хатаах шаардлага байгаа юм уу, чанаад идчихэд л болно” гэхээр нь “Үйлдвэрийн аргаар боловсруулсан, чанасан гүзээнээс өөр амттай” гэж тайлбарлаад амсуулахаар “Ямар хатуу юм бэ” гэснээ хэд хэдэн удаа амталж үзснээс “Энэ чинь харин аятайхан амттай, зарж болохоор юм байна. Пивоны даруулга гээд нэрлэчих. Солонгосчууд пиво уухдаа хатаасан загсаа иддэг шиг монголчууд эрүүл мэндэд ашиг тустай малынхаа гүзээг яагаад идэж болохгүй гэж. Хүнд хэрэгтэй сайхан зүйл хийсэн байна” гээд дуртай нь аргагүй худалдаж авдаг.

-Нэг жилийн хугацаанд хэрэглэгчдээсээ талархалын үгийг харамгүй сонсож буй болов уу?

-Өндөр настай хүмүүс “Танай компанийн хүрэн манжингийн цайг уудаг болсноос хойш даралтныхаа эмийг уухаа больсон” гэж хэлдэг. Харин залуу хүмүүс “Өмнө нь аав, ээж дээрээ очихдоо атга дүүрэн эм бариад очдог байсан чинь одоо танай бүтээгдэхүүнийг авч очдог болсон. Бие нь дээрдээд сайхан болж байна” гээд ард түмнээсээ урмын сайхан үгсийг харамгүй сонсч байгаадаа баярлаж цаашид илүү их зүйлийг хийх юмсан гэсэн хүсэл тэмүүлэлтэй болдог юм байна. Хэд хоногийн өмнө танай сайтаас утсаар холбогдож “Та бүхний эко бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулж өгье” гэхэд маш их баярласан. Танай хамт олон ч гэсэн надад урам хайрлаж, ургаш алхах итгэл өгч байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here