Бизнесийн хамтын ажиллагаа гэж юу вэ?
Бизнесийн хамтын ажиллагаа гэж юу вэ?
Менежментийн чадамжийн салшгүй чухал хэсэг болох харилцаа, хамтын ажиллагааны талаар бэлтгэлээ. Удирдлагын академийн судалгааны багийн дүгнэлтээс үзвэл, нутгийн удирдлагын байгууллагуудын хувьд харилцаа, хамтын ажиллагааны түвшин 49,88 хувьтай байгаа бол яамдын түвшинд 53,74 хувьтай, харин агентлагуудын харилцаа, хамтын ажиллагаа 61,5 хувьтай гарсан байна. Дээрх үнэлгээнүүдийн дундаж нь 55,04 хувьтай байна. Өөрөөр хэлбэл 44,96 хувиар харилцаа, хамтын ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх шаардлага байна.
Харилцаа хамтын ажиллагаа
Менежмент гэж юу вэ гэсэн асуултад энэ бол үр дүнтэй харилцаа юм гэж хариулах хүмүүс байдаг. Миний хувьд ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Аливаа байгууллагад сонирхлын бүлгүүд буюу оролцогч талууд гэж байдаг. Тухайлбал, тухайн байгууллагын хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч, бэлтгэн нийлүүлэгч, хэрэглэгч, дэмжигчид зэрэг талуудыг нэрлэж болох юм. Энэхүү оролцогч талуудын хэрэгцээ шаардлага, хүсэл, сонирхлын нэгдэл нь улс оронд хөгжил, байгууллагад ашиг орлого, үр дүн, хувь хүнд амжилт авчирдаг билээ.
Байгууллага зорилго, зорилтууддаа аль болохоор бэрхшээл багатай, ойр дөт замаар хүрэхийн тулд харилцаагаа үр дүнтэй байлгах шаардлага байнга бий болно. Тухайн хамт олны үйл ажиллагаа нь бүтэл муутай харилцаанаас болоод санасан үр дүнд хүрч чадахгүй байх нь олонтаа тохиолддог. Энэ бүхнээс үүдэн харилцааны гол агуулга болсон мэдээлэл солилцооны үр дүн, өгөөжийг ямагт дээшлүүлж байх зорилт гарцаагүй тавигддаг байна.
Иймд байгууллагын удирдлага, багийн гишүүдийн зүгээс гадаад орчинтойгоо зохицож үр дүн муутай харилцааны давтамжийн тоог цөөрүүлэхгүйгээр үр ашигтай ажиллаж чадахгүй юм. Тиймээс байгууллагын удирдлага нь харилцааны мөн чанарыг танин мэдсэн, үг яриа болон бичгээр харилцаа холбоо тогтоох чадварыг дээд зэргээр эзэмшсэн, мэдээлэл солилцоонд тухайн нөхцөл байдал хэрхэн нөлөөлөхийг сайн тооцож, эрсдэлийг бууруулж чаддаг байх ёстой.
Хамгийн сайн менежмент гэдэг бол үнэн хэрэгтээ оролцогч талуудын хамтын ажиллагаанаас хамаардаг. Аливаа байгууллагын хувьд харилцааны удирдлага нь мэдээлэл цуглуулах, танилцуулах, өгөгдлийг хадгалах, үйл ажиллагаатай холбоотой хандлагыг тодорхойлох зэрэг ойлголтуудыг хамардаг.
Харилцаа, хамтын ажиллагааны үйл явц нь дараах байдлаар зохицуулагддаг. Үүнд:
1. Харилцааны үйл явцын төлөвлөлт – Сонирхлын бүлгүүдийн мэдээлэл харилцааны үйл явцын хэрэгцээг тодорхойлох
2. Мэдээллийн түгээлт – цаг үед нь тохируулан сонирхлын бүлгүүдийг хэрэгцээтэй мэдээллээр хангах
3. Гүйцэтгэлийн тайлан – Гүйцэтгэлийн талаар мэдээлэл цуглуулах. Энэ нь төлөв байдал болон гүйцэтгэлийн бусад хэмжүүрүүд, урьдчилсан мэдээлэл зэрэг болно.
Байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны түвшинг тодорхойлох асуултууд
☺ Танай хамт олон шийдвэр гаргахдаа оролцогч талуудын сонирхол хэрэгцээ шаардлагад судалгаа, шинжилгээ хийдэг эсэх?
☺ Байгууллагын тань удирдлага хамт олны үзэл бодол, хэлэлцэж буй асуудлыг олон талаас нь авч үздэг эсэх?
☺ Танай хамт олон тодорхой асуудал, ажлын явцын талаар байнга санал солилцдог эсэх?
☺ Танай байгууллагад хамт олны бүтээлч уур амьсгал хэр зэрэг төлөвшсөн бэ?
☺ Байгууллагын тань удирдлага шинэ санаа, саналыг дэмждэг эсэх?
☺ Танай байгууллагын удирдлагаас анхан шатанд тулгамдаж буй асуудал бэрхшээлд анхаарал тавьдаг эсэх?
☺ Танай байгууллагын удирдлагаас гаргасан бодлого, шийдвэр хамт олонд нээлттэй, ил тод байдаг эсэх?
☺ Танай байгууллага гадаад харилцаагаа өргөжүүлэх чиглэлээр байнга анхаарч ажилладаг эсэх?
☺ Танай байгууллага хамтын ажиллагаатай байгууллагуудтайгаа харилцан туршлага, мэдээлэл солилцдог эсэх?
☺ Танай байгууллага мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний зөвлөгөөг үйл ажиллагаандаа ашигладаг эсэх?
Эцэст нь дүгнэхэд менежментийн гол төлөөлөгчдийн нэг болох Элтон Мэйогийн судалснаар ажилтнууд хоорондын хэвтээ чиглэлийн харилцаа, удирдагч удирдуулагчдын босоо чиглэлийн харилцаа үр дүнтэй, чөлөөтэй саадгүй байснаар бүтээмж өсдөг болох нь тодорхой болсон бөгөөд менежментийн шинжлэх ухааны судлах зүйл нь чухамдаа бүтээмжийг байнга дээшлүүлэхэд чиглэгддэг билээ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here