Төрөөс Ардын жүжигчин, түмнээсээ “Алтан гургалдай” хэмээх алдрыг хүртсэн юм
Монгол Улсын Ардын Жүжигчин, дэд профессор, дуучин Аюушийн Загдсүрэн
“Алтан богдын шил” хэмээх уртын дуу монголчуудын уран сайхны, гүн сэтгэлгээний оргил юм шиг санагддаг. Алтан гургалдайн цээл тунгалаг, яруу дуун агт морьдыг сульдаах хүч тэнхээтэй, аргамаг хүлэг цуцаах орон зай, цаг хугацааг ажралгүй даван туулах шидтэй гэж зүйрлэсэн нь энэ ажээ.

Энэ бүхнийг өгүүлэхийн учир нь төрөөс Ардын жүжигчин, түмнээсээ “Алтан гургалдай” хэмээх алдрыг хүртсэн, Монголын сонгодог урлагийн нэгэн тод од, Аюушийн Загдсүрэн хэмээх эрхэм хүнийг эргэн дурссаных билээ.

Төрөөс Ардын жүжигчин, түмнээсээ  “Алтан гургалдай” хэмээх алдрыг хүртсэн юм

Тэрээр алс баруун хаязгаар Ховдын Эрдэнэбүрэн сумын Наран гозгор гэдэг газар төрж, 1948 онд 14-н настайдаа аймгийнхаа Ноосны үйлдвэрт ажилчнаар орж байжээ. Бүсэлхийгээр татсан хүйтэн усанд ноос угааж зогссон охин найзыгаа даган аймгийн клубын найрал дуунд сайн дураараа явж, олны хэсэгт гардаг байжээ.

ayuushiin_zagdsuren
Төрөөс Ардын жүжигчин, түмнээсээ “Алтан гургалдай” хэмээх алдрыг хүртсэн юм

Түүгээр ч зогсохгүй, “Далан худалч”, “Равжихын гэр бүл” зэрэг жүжигт тоглон дориун магтуулж, их урлагийн замд хөл тавьсан байна. Угийн сэргэлэн, ой тогтоолт сайтайн дээр байгалиас заяасан дуулах авьяас, хөдөлмөрч зан чанар нь түүнийг алдрын зэрэгт хүргэсэн юм.

1950 онд Ховд аймгийн театр байгуулагдахад А.Загдсүрэн охин 16 настай, жүжигчний орон тоон дээр ажиллаж эхэлжээ. Түүнд хөгжмийн цагаан толгой анх заасан хүн нь Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав юм.

Нэг жилийн хугацаатай Ховдод томилогдон ирээд байсан Д.Лувсаншарав гуай шавиа нот сайн сурсан, сэргэлэн, ой тогтоолт сайн гэж магтаад “Багшийгаа явахаас өмнө ахиухан юм сурч бусдадаа зааж өгөө­рэй” гэж захисан гэдэг.

1953 оны өвлийн идэр ёсийн хүйтнээр Улаанбаатар хотыг зорилоо

Улаанбаатар хэмээх их айлд хөл тавьсан даруйдаа 1954 онд Москва хотын Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Их Сургуулийн оюутан болж 1959 онд мэргэжлээ онц дүнтэй төгсч, Монголын анхны мэргэжлийн эмэгтэй дуурийн дуучин болжээ.

Энэ завшаан А.Загдсүрэнг том дуучин болох алдрын эхлэлийг тавьсан ч зүгээр нэг сохор аз тохиогоогүй юм. Ховдын охин дэлхийн энтэй дуучин байсныг, өөрийн авьяас, хувь заяагаар зүтгэж, хөдөлмөрлөж байж амжилтад хүрснийг энэ гайхамшигт уран бүтээлчийн оргилж буцалсан он жилүүд, олны итгэл хайрыг хүлээсэн амьдралын хуудсууд илтгэнэ.

А.Загдсүрэн
А.Загдсүрэн 30 гаруй дуурьт дуулжээ

Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жанцанноров хэлэхдээ “Монголчууд бид дэлхийн хэмжээний дуурийн дуучинтай байснаараа бахархах ёстой.

Хойч үедээ А.Загд­сүрэн гуайн уран бүтээлийг нарийвчлан судалж, өвлүүлэн таниулах нь манай нийгмийн үүрэг” хэмээн хэлсэн нь бий. Ховд, Улаан­баатар, Москва, улмаар Монголын сонгодог урлагийн алтан үеийн хаалга руу хөтөлсөн түүний уран бүтээлийн зам мөрийг сонирхоход ёстой л үлгэр уншиж байна уу гэлтэй.

А.Загдсүрэн 30 гаруй дуурьт дуулжээ

Монголын урлагийн ноён оргил Б.Дамдинсүрэн,Л.Мөрдорж,С.Гончигсумлаа, Д.Лувсаншарав, Г.Хайдав, Ц.Пүрэвдорж нарын хамт сургууль төгсөж ирсэн залуу дуучин А.Загдсүрэн нь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын анхдагчдын нэг юм.

А.Загдсүрэн 1963 онд УДБЭТ-ын тайзнаа тавигдсан Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татьянагийн дүрд дэлхийн дуурийн дуучны түвшинд дуулснаар Монголын дуурийн алтан тайзнаа А.Загдсүрэнгийн гэх 20 гаруй жилийн түүхт үеийг эхлүүлжээ.

“Алтан гургалдай Загдсүрэн” хэмээн алдаршсан энэ бүсгүйн цээл хоолой 60, 70, 80-аад оны хүмүүсийн сонорыг мялааж, олон сайхан дуугаар ард олныхоо сэтгэлд хоногшин үлдсэнийг эргэн дурсах бүрт таатай байдаг билээ. Ёстой л, “Хүний гараар бүтээгүй хөшөө дурсгалаа босгов” гэдэг шиг өөрийн хоолойгоор тухайн орон зай, цаг хугацааг эзэлсэн дуучин байлаа.

А.Загдсүрэн 1959-1983 оны хооронд дэлхийн болон үндэсний 30 гаруй дуурьт дуулсан юм.Түүний бүтээсэн гол дүрүүдийн дунд Дж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийн Эрвээхэй хатагтай, А.Даргомыжскийн “Лусын дагина” дуурийн Лусын дагина, П.И.Чайковс­кийн “Евгений Онегин” дуурийн Татьяанагийн дүрүүд нь уран сайхны болоод дуурийн дуучны ур чадварын хувьд Монголын дуурийн түүхэнд давтагдашгүй гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг.

Монголын дууны урлагийн түүхэнд хамгийн олон дуу, романсын урын сантай дуучин

1967-оноос эхлэн дуулахын хажуугаар багшилж,1982 оноос СУИС-д Дуулаачийн тэнхимд Вокалын багшаар 2001 он хуртэл ажиллаж, олон арван авьяаслаг залуусыг их урлагийн замд оруулсан нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн байлаа.Төр засгаас түүний авьяас, хөдөлмөрийг үнэлж 1961 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин, 1979 онд Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон, 1999 онд МУ-Ардын жүжигчин хэмээх эрхэм цолоор шагнажээ.

Монголын нэрт хөгжмийн зохиолчид, яруу найрагчид А.Загдсүрэнд зориулж сор болсон бүтээлүүдээ туурвижээ.

Тэрээр 200 гаруй ардын болон зохиолын дуу, романсыг амьдруулж, Монголын дууны урлагийн түүхэнд хамгийн олон дуу, романсын урын сантай дуучин хэвээр үлдсэн билээ.

Түүний яруу тунгалаг хоолойны цар хүрээ, хүч чадал нь гадаадын хөгжмийн мэргэжилтнүүдийг бишрүүлж, тэд А.Загдсүрэнг дэлхийн алдарт сопрано Мария Каллас, Рената Тебальди, Галина Вишневская нартай зүйрлэн “Монголын Мария Каллас” хэмээн өргөмжилсөн байдаг.

Дуулах болон дүр бүтээх урлаг нь бүхэлдээ шинжлэх ухаан

Жар, далаад оны сор болсон дуунуудыг тайзнаа амилуулсанаар “Алтан гургалдай” хэмээх алдрыг ард түмнээсээ хүртсэн хүн бол яахын аргагүй А.Загдсүрэн. Өдгөө ч дээрх дуунууд дуулагдсаар, дурсамжийн алтан учгаа хөвөрдсөөр л байна.

“Зөвхөн Загдсүрэнгээр л дуулуулна, зөвхөн түүнд л зориулна” хэмээн тэр үеийн толгой уран бүтээлчид гайхамшигт аялгуунуудаа, шүлгүүдээ барьсаар түүний гэр лүү хөлхөж байсан нь өдгөө түүх болон үлджээ. Гэсэн хэдий ч уянгат сайхан хоолойн цараа, улс орон дамжин гайхагдсан авьяасын шижир уурхай нь үл мартагдах болно.

А.Загдсүрэнгийн шинэ үеийн Монголын урлагт оруулсан хувь нэмэр гандан бууршгүй бөгөөд ард түмнийхээ сэтгэл зүрхэнд үүрд хайрлагдан дурсагдсаар байгаа билээ.

Ард түмнийхнээ дунд “Алтан гургалдай” хэмээн алдаршсан алдарт дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Аюушийн Загдсүрэн 2007 оны 07 сарын 25-ны өдөр хүнд өвчний улмаас Вашингтон ДиСи хотноо таалал төгссөн юм.

Монгол оронд сонгодог урлагийг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан сонгодог уран бүтээлч байлаа.Монголын 20 гаруй сонгодог дуурийн гол дүрийг чадварлаг бүтээсэн манай Урлагийн алтан үеийн нэрт төлөөлөгч байсан юм.

А.Загдсүрэнгийн шинэ үеийн Монголын урлагт оруулсан хувь нэмэр гандан бууршгүй бөгөөд ард түмнийхээ сэтгэл зүрхэнд үүрд хайрлагдан дурсагдсаар байгаа билээ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here