Perfect Snacks-01
Ах дүү 13-ын цэцэглүүлсэн "Perfect Snacks"-ийн сэтгэл хөдөлгөм түүх

Хүнд өвчин туссан эцгийнхээ үлдээж өвлүүлсэн жороор бизнесээ амжилттай цэцэглүүлсэн ах дүү 13-ын түүх үнэхээр сэтгэл хөдөлгөм.

15 гишүүнтэй ам бүлийнхээ өдөр тутмын амьдралыг залгуулахын төлөө бүхнийг зориулж ирсэн эцэг Бад нь 1990-ээд онд гэр бүлийнхээ гишүүдийнхээ хамтаар бүхээгтэй машинаар аялан явж байхдаа, газрын самрын нухашны санааг олж байсан гэдэг. Хоол, хүнсний нэмэлт тэжээл, омега тос зэргийг борлуулдаг байсан Бад нь дуудлагаар үйлчилдэг худалдааны зөвлөх байжээ.

АНУ-ын нэг мужаас нөгөө муж дамжин хол замыг туулж, бүтээгдэхүүнээ зарахаар олон цаг лекц уншдаг Бад нь энэхүү урт удаан аялалдаа хүүхдүүдээ дагуулан явахаас тээр шаасангүй. Энэ аяллынхаа замд Бад газрын самар дээр протеон нэмснээр илүү шим тэжээлтэй protein bar гаргаж, түүнийгээ борлуулах санааг бодож олжээ. Аяллын эхэн үед 6 хүүхэдтэй байсан тэдний гэр бүл өргөжин тэлсээр 13-уулаа болсон бөгөөд Бад, түүний гэргий Барбара нар төвхнөхөөр шийдэж, Калифорнияд жижигхэн байшин худалдан авсан гэдэг.

Яг л энэ үед Бад хорт хавдар хэмээх хүнд өвчин тусаж, 57 настайдаа хөдөлмөрийн чадвар нь тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан байна. 2005 онд түүний өвчин улам хүндэрч, тэрбээр гадуур аялах ч боломжгүй болжээ. Эцэг Бадын эмчилгээний төлбөр, 13 хүүхдийн хоол хүнс, боловсролын зардал гээд тэдний гэр бүлийн санхүү хүнд цохилтод оржээ. Байрны зээлээ төлөөгүй 2 сар хэтэрч, дансандаа 1000-хан доллартой, 18 нас хүрээгүй 9 хүүхэдтэй тэр цаг хамгийн хүнд байсан гэдэг.

~Ах дүү 13-ын цэцэглүүлсэн “Perfect Snacks”-ийн сэтгэл хөдөлгөм түүх~

Эцэг Бадын өвчин хүндэрч, гэр бүлээ авч явж чадахгүй болсон үед айл гэрийн хамгийн том хүүхдүүд нь өөрсдийн шийдвэрээр эцгийнхээ бизнесийг үргэлжлүүлэх болжээ. Тухайн үед тун ч ирээдүйтэй бейсболлын тамирчин болно гэгдэж байсан 22 настай Билл нь коллежоо хаяж, эцгийнхээ бизнест орсон юм. Түүний ардаас 19 настай Лей, 18 настай Амиас, 17 настай Чарисс нар эцгийнхээ эхлүүлсэн бяцхан бизнест нэвтэрсэн гэдэг. Тэдний хувьд юун түрүүнд аав ээжийнхээ Калифорния дахь жижиг байшинг худалдаж, бизнесийнхээ эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг босгосон юм.

2009 онд эцэг Бад өвчнөө дийлэлгүй нас барж, арай том болсон хүүхдүүд нь болох Билл, Лей, Амиас, Чарисс нар Сакраменто хотод 2 өрөө байр түрээслэн хамтдаа амьдарч, тэндээсээ ажиллаж байжээ. Бага дүү нараа ээжтэйгээ хамт Сан Диего руу шилжүүлсэн бөгөөд том хүү Билл нь стартап бизнесээ Perfect Bars хэмээн нэрийдэж, компанийнхаа CEO болсон юм. Компанийн CEО Билл нь өөрөө баруун эргийн дагуух хотуудад байдаг сүлжээ дэлгүүрүүд дээр очиж, бүтээгдэхүүнээ сурталчилж, харин удаах 3 дүү нь гэрээсээ үйлдвэрлэлээ явуулж байжээ. Том хүү болох Билл дэлгүүрүүдээр явж, бүтээгдэхүүнээ сурталчлах үедээ бүтэн сар машиндаа хоноглож, 1 удаагийн фитнесст усанд орох зорилгоор очих үе олон тохиолдсон гэдэг.

Ямартай ч, олон хүүхдийн заяа түшсэн үү, бизнесийн концепц өөрөө сайн байсных уу, Perfect Snacks стартап нь эхлээд Whole Foods, дараа нь Costco зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдэд нэрийн лангуугаа ажиллуулах болсон байна. 2015 онд VMG хөрөнгө оруулалтын компаниас амь тариа мэт чухал санхүүжилтыг авснаар бизнесээ өргөжүүлэн тэлж, томоохон захиалгуудад дарагдах болжээ. Perfect Snacks 2018 онд 84 сая ам. долларын борлуулалт хийж, Forbes-ын зүгээс тус стартап компаний зах зээлийн үнэлгээг 300 сая ам.доллар хэмээн тодорхойлж байна. Өдгөө Perfect Snacks-ын 16 хольц бүхий 2.49 ам.долларын протейн bar/зууш нь Target, Walmart, Kroger, Trader Joe’s зэрэг акулуудын нийт 27,000 сүлжээ дэлгүүрээр борлуулагдаж байна.

Эцэг Бадын хувьд өөрийнх нь зохиосон зуушны жор ийнхүү ажилтанд хүрч, үр хүүхдүүд нь амжилттай явааг харж амжилгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч гэлээ, магадгүй бурхны орноос Perfect Snacks-ын амжилтыг харан мишээн суугаа байж ч мэдэх юм..

Jagaa Damdin

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here